Их түүхээрээ дэлхийд гайхуулсан МОНГОЛ наадам эхэллээ
2017-07-11

 

Тулгар төр байгуулагдсаны 2226 , Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадам эхэллээ.

 

Хотол олноороо хурдан морьдын тоос, хүүхдийн гийнгоонд хийморио сэргээж,  хүчит бөхчүүдийн даваа дэвээнд сэтгэлээ  хөвсөлзүүлж,  хурц мэргэн харваачийн оноо шаваанд нүдээ баясган цэнгэх Монгол наадам дэнж хотойлгон, дэлхий баясган эхэлж байна.

 

Монголчууд бид их баяр наадмаа шинэ Ерөнхийлөгчтэй угтаж байна. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга  их баяр наадмыг нээнэ.  Шинэ төрийн тэргүүнээсээ үг сонсох гэсэн түмэн олны хүлээлт  ч бий.

 

Басхүү шинэ парламентын бүрэн эрхийн хугацааны эхний жилийн ажлын үзүүлэлтийг олон түмэн сэтгэл өег хүлээн авч байна. Эдийн засагт ногоон гэрэл аслаа.  Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгож, цалинтай ээжүүд хөтөлбөрт хэрэгжүүлж, ирэх жилээс ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх гээд шинэ төр засаг амлалтаа эхнээс нь хэрэгжүүлж байна.  УИХ-ын дарга, МАН-ын дарга  М.Энхболд “       Өнгөрсөн онд болсон УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент эдийн засгаа өөд татах, иргэдийнхээ амьдралыг тогтворжуулах зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө хичээн чармайж ажиллалаа.    Зүтгэл чармайлтын үр дүн гарч эхэлснийг Та бүхэн мэдэж байгаа. 2012-2016 онд тасралтгүй уруудсаар, дөнгөж 1.0 хувьд хүрээд байсан эдийн засаг эргэн сэргэж, 4.2 хувь өслөө.

 

Төсвийн орлого 500 гаруй тэрбум төгрөгөөр давж, алдагдал нь 2 дахин буурлаа. Төгрөгийн ханш чангарч, экспортын хэмжээ нэмэгдсэнээр гадаад худалдааны ашиг 1.0 тэрбум ам.долларыг давсан байна. Ажилгүйдлийн түвшин 2.5 хувиар буурч, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 4 дахин нэмэгджээ.

 

Төрийн эрх барих дээд байгууллага  ИРГЭНДЭЭ ЭЭЛТЭЙ ТӨР байх эрмэлзлийнхээ дагуу нэлээд хэдэн чухал шийдвэр гаргалаа.

 

Цаашдаа ч тогтвортой өсөлттэй эдийн засгийг төлөвшүүлж, иргэн бүр ажилтай орлоготой, айл өрх болгон сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр илүү ихийг хийх хэрэгтэй байна. Бид хөгжил дэвшилд хүрэх зорилтоо хангаж, ард түмэндээ амласан амлалтаа бүрэн дүүрэн биелүүлэх болно гэдгээ Үндэсний их баяр наадмын мэндчилгээндээ онцлон дурджээ.

 

Их түүхээрээ дэлхийд гайхуулдаг Монгол наадмаараа бид  үндэсний өв соёл, тоглоом наадгай, өмссөн гоёл чимэглэлээрээ ирсэн зочдын хараа булааж сайхан нааддаг. Тиймээс ч энэ үед гадаадын зочид, жуулчид Монголыг зорьж бидэнтэй хамт наадан цэнгэдэг билээ. 

 

Ийнхүү Тулгар төр байгуулагдсаны 2226 , Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмаа монголчууд бид сэтгэл тэнүүн угтаж байна.

 

Хүчит бөхчүүд нь бяртай,уясан морь нь хурдан, харваачид нь мэргэн байг ээ.  Сайхан наадаарай.

Н.Энхлэн

 

 

 

Shuud.mn
Сонин хачин