Япон улс 850 сая ам.долларын дэмжлэг үзүүлнэ
2017-07-18

Гэрэл зургийг MPA.mn

 

УИХ-ын дарга М.Энхболдын урилгаар Япон улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

 

Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд энэхүү айлчлал болж буй юм.  Япон улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима айлчлалынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ноён Т.Оошима:

 

-Монгол-Япон хоёр орны дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Монгол Улсад айлчлал хийх хүсэлтийг  Монгол Улсын Их хурлын даргын зүгээс хоёр ч удаа тавьсан.

 

Өнгөрсөн хугацаанд Япон улсын төлөөлөгчдийн танхимын дарга нэг ч удаа Монгол Улсад айлчлал хийж байгаагүй юм билээ.  Тэр ч утгаараа Япон, Монголын харилцааны 45 жилийн ойн хүрээнд Япон улсын парламентын төлөөлөгчдийн танхимын даргын хувиар анх удаа айлчлал хийгээд байна.

 

Монгол Улс дотооддоо дөнгөж сая Ерөнхийлөгчийн сонгууль боллоо, үндэсний их баяр наадам боллоо.  Маш их завгүй байх үедээ УИХ-ын даргаас эхлээд бүхий л түвшинд энэ айлчлалд  сайтар бэлтгэн халуун дотно хүлээн авч байгаад гүнээ талархал илэрхийлье.

 

Үдээс өмнө миний бие УИХ-ын дарга М.Энхболдтой уулзалт хийлээ. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзалт хийж, шинэ Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Тус, тусын уулзалтын үеэр хоёр талдаа нийтлэг санал нэгдсэн зүйлээсээ та бүхэнтэй хуваалцъя.

 

Эрх чөлөө, ардчилал гэсэн үндсэн хүчин зүйлийг хуваалдаг Монгол Улс бол бидний орлуулшгүй түнш мөн.

 

Стратегийн түншлэлийн харилцааг аль, аль талдаа баримталж, цаашид тэрхүү харилцаагаа хөгжүүлж, хамтын ажиллагаагаа улс төр, гадаад бодлого, эдийн засаг, соёл урлаг, спорт зэрэг өргөн хүрээнд хөгжүүлж явъя гэдэг дээр санал нэгдлээ.

 

Монгол Улс ОУВС-гийн  хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад Монгол Улсын Засгийн газар шинэчлэлт, өөрчлөлтийг хийж байгаа. Үүнтэй холбогдуулан  Япон улсын зүгээс гурван жилийн хугацаатай  850 сая ам.долларын зээлийн дэмжлэг үзүүлж ажиллана.

 

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг сайн хангахын төлөө олон хамтын ажиллагааны асуудлаар хамтдаа ажиллая гэж ярилцсан.

 

Мөн Хойд Солонгосын асуудлаар бид өөрсдийн байр суурийг илэрхийлсэн. Одоогийн нөхцөлд Монгол Улс энэ асуудалд маш санаа зовниж байгааг дуулгасан.

 

Түүнчлэн “Токио 2020” олимпод Монголын баг, тамирчид амжилттай оролцохыг бид хүсч байна. Мөн 2025 онд “Олон улсын Экспо”-г Осака хотод зохион байгуулахад Монгол Улс дэмжиж оролцохоо илэрхийллээ.

 

Үүнээс гадна Монголын талаас Нүүрс-химийн цогцолбор байгуулах, шинэ нисэх онгоцны буудлын менежментын асуудлыг шийдэх, шинэ төмөр зам барих гэсэн саналуудыг дэвшүүлсэн. Эдгээр асуудлыг Засгийн газартаа уламжилна гэдгээ хэлсэн. Мөн бидний зүгээс ч хэд хэдэн саналыг дэвшүүлсэн. Эцэст нь хэлэхэд хэдий богино хугацаа ч гэлээ айлчлал амжилттай болж байгааг хэлмээр байна. Парламентын гишүүдийн харилцааг хөгжүүлэх нь миний үүрэг билээ. Энэ үүргээ сайн биелүүлэхийн төлөө ажиллана хэмээлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

 

-Японы хууль тогтоох байгууллагын дээд удирдлага гадаадад айлчлах нь тийм ч олон биш гэж сонссон. Японы Төлөөлөгчдийн танхимын дарга Монголд анх удаа айлчилж байна. Та яагаад чухалчлан Монголд айлчилж байна вэ?

 

-Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хүрээнд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлэхийг бид зорьж ирсэн. Та бүхэн харж байна. Миний ард манай Төлөөлөгчдийн танхимын хамгийн залуу гурван гишүүн зогсож байна. Өөрөөр хэлбэл Төлөөлөгчдийн танхим хоёр орны харилцааг эрхэмлэн хөгжүүлэх зорилготой гэдгээ харуулах үүднээс залуу гишүүдийнхээ хамт Монголд айлчилж байгаа юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
irgen:
mongoliin setgyylchidiin medleg ih muu, oligtoihon asuult tavj eroosoo chadahgui ar saar asuult tavina, uls tor, olon ulsiin harilzaanii talaar medlegee deeshlyyleh heregtei shdee
2017-07-18