Гуравдагч хөрш буюу Стратегийн түнш
2017-07-19

Гэрэл зургийг Mpa.mn

 

Японы парламентын танхимын дарга Т.Оошима Монгол Улсад айлчилж байна.  Энэ нь ноён Т.Оошима болоод Японы парламентын танхимын даргын хувиар ч Монгол Улсад хийж байгаа анхны айлчлал.  Тиймээс хоёр улсын харилцааны түүхэнд шинэ хуудас нээж  байна.

 

Нөгөөтэйгүүр Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэ ойн хүрээнд дээрх айлчлал  болж байгаа давхар онцлог агуулж буй.

 

Ноён Т.Оошима сэтгүүлчдэд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ  “Эрх чөлөө, ардчилал гэсэн үндсэн хүчин зүйлийг хуваалцдаг Монгол Улс бол бидний орлуулшгүй түнш мөн.  Стратегийн түншлэлийн харилцааг аль, аль талдаа баримталж, цаашид тэрхүү харилцаагаа хөгжүүлж, хамтын ажиллагаагаа улс төр, гадаад бодлого, эдийн засаг, соёл урлаг, спорт зэрэг өргөн хүрээнд хөгжүүлж явъя гэдэг дээр санал нэгдлээ.  Монгол Улс ОУВС-гийн  хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад Монгол Улсын Засгийн газар шинэчлэлт, өөрчлөлтийг хийж байгаа. Үүнтэй холбогдуулан  Япон улсын зүгээс гурван жилийн хугацаатай  850 сая ам.долларын зээлийн дэмжлэг үзүүлж ажиллана” гэдгээ хэлсэн.

 

Японы парламентын танхимын дарга Т.Оошима айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, УИХ-ын даргатай уулзалт хийж, Ерөнхий сайдыг хүлээн авч уулзсан.

 

Тэрбээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай хийсэн уулзалтын үеэрээ “Хоёр орны найрсаг харилцааны үндэс суурь нь эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлд тулгуурлаж, хуваалцдагт оршино. Өнгөрсөн гуравдугаар сард батлагдсан Дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарна.  Аливаа улсын эдийн засгийн хөгжилд сайн, муу үе ирдэг. Япон Улсын эдийн засаг 1945 онд өндөр өсөлттэй байсан ч удалгүй их хямралд өртсөн. Тэр үед хэд хэдэн удаа татвар  нэмж байж санхүүгийн байдлаа сэргээж байсан.

 

НӨАТ-ыг нэмэх шийдвэр гаргасны дараа болсон сонгуульд ард түмэндээ хүндлэгдсэн томоохон улстөрчид ялагдал хүлээж байсан тохиолдол бий. Гэсэн ч үр дүнд нь бид эдийн засгаа сэргээж авсан. Үүний нэгэн адил танай Засгийн газар энэ хүнд үеийг даван туулж, улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээсэн шигээ бэхжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна хэмээн  туршлагаасаа хуваалцав.

 

Тэрбээр хувийн хэвшлийн харилцааг хөгжүүлэх, Монгол Улсад түлхүү хөрөнгө оруулах, хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр анхаарч ажиллахаа мэдэгдс эн юм.

 

Манай улсыг зах зээлийн эдийн засагт шилжсэн, хоёр нийгмийн завсрын хүндхэн жилүүдэд  “гараа сунгаж” буцалтгүй тусламж үзүүлж байсан хамгийн анхны орны нэг бол Япон улс. Өнгөрсөн хугацаанд Япон улсын зүгээс буцалтгүй болон нэн хөнгөлөлттэй зээл, тусламжийг манай улсад хэрэгжүүлсээр ирсэн. Жишээлэхэд, “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд дунд сургуулиудын барилгыг шинээр барьсан. Эдүгээ  Япон, Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж,  нисэх онгоцны буудлын төсөлд япон тал хамтран ажиллаж байгаа билээ.  

 

Түүнчлэн шинэ дунд хугацааны хөтөлбөрт 2021 он хүртэлх хугацаанд улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, соёл, ард иргэдийн харилцаа болон хүний нөөцийг бэлтгэх зэрэг төрөл бүрийн салбарт Япон, Монгол хоёр улс хэрэгжүүлэх хамтын ажиллагааны тодорхой заалтуудыг тусгасан юм. Олон улсын талбар дахь хамтын ажиллагаанаас эхлээд Япон, Монгол хоёр улс идэвхитэй харилцан хамтын ажиллагаагаа нэмэгдүүлсэнээр  харилцан ашигтай “Стратегийн түншлэл”-ийн түншлэлийн харилцаагаа улам гүнзгийрүүлэхээр зорьж байгаа билээ. 

 

Японы парламентын танхимын дарга Т.Оошимагийн айлчлал өнөөдөр Хөшгийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх онгоцны буудлын барилгын ажлын явцтай танилцсанаар өндөрлөнө. 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин