Манай баг Тайландын багтай тэнцлээ
2017-07-20

 

Азийн 23 хүртэлх насны АШТ-нд оролцож буй Монгол улсын залуучуудын шигшээ баг өчигдөр талбай эзэдтэй хэсгийн эхний тоглолтондоо учраа тааран тоглолоо. Тоглолт хуварийн дагуу Улаанбаатарын цагаар 20:00 цагаас эхлэх ёстой байсан боловч цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, усан бороо орсны улмаас талбайд тоглолт явагдах боломжгүй болсон юм. Улмаар бороо намжиж, зүлгэн дээрх ус багасахыг хүлээж хугацаанаасаа хоцорч эхэлсэн гэхэд болно. Манайх уг тоглолтонд гоол алдахгүй байх үндсэн зорилготой байсан юм.

 

Тайландын шигшээ баг дэлхийн чансааны 131 бол манайх 198. Дээр нь талбайн эзэд сэтгэл санааны давуу байдалтай байсан нь ойлгомжтой. Ингээд 17 дахь минутад 10 дугаартай хагас хамгаалагч Чайяарат Буран манай хаалганд гоол оруулав. Тоглолтын эхний хагаст үүнээс өөр гоол орсонүй.

 

Харин хоёрдугаар хагаст манай баг тоог тэнцүүлэх зорилготой гарсан. Ингээд довтолгооны сэлгээ оруулж Т. Мөнхсүлд, П. Энхбилэг нарыг талбайд оруулсан нь Герман дасгалжуулагчийн хувьд тоглолтыг мэдэрсэн сэлгээ байсан юм. Улмаар 71 дэх минутанд сэлгээгээр орж ирсэн Т.Мөнхсүлд багтаа торгуулийн цохилт цохих эрх олж ирсэн. Үүнийг нь М. Төгөлдөр алдалгүй ашиглаж тэнцээний гоолыг оруулжээ. Энэ бол тоглолтын 89 дэх минут байсан юм. Манай баг хэсгийнхээ хамгийн хүчтэй багтай тэнцэж ямар ч байсан 1 оноо салгаж чадлаа.

 

Уг тоглолтод гоолдсон М. Төгөлдөр нь Монголын насанд хүрэгчдийн шигшээ болон залуучуудын шигшээ багийн нэрийн өмнөөс гоолдсон түүхэн дэх анхны тоглогч болсон байна.

 

Сонирхуулахад манай шигшээ баг уг тэмцээнд оролцож буй хамгийн залуу баг юм. Манай залуус маргааш 17:00 цагаас Малайзад 0:3-аар хожигдсон Индонезийн багтай тоглоно.

 

Б. Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин
ganbaa:
Bayar hurgie sain toglojee
2017-07-20