Цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 25-нд эхэлнэ
2017-07-21

 

Төрийн өмчит бүх цэцэрлэгийн элсэлтийг энэ жилээс цахимаар бүртгэхээр болсон. Цахим бүртгэл энэ сарын 25-наас эхэлнэ.

 

Онлайн бүртгэлийг долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 25-ныг хүртэл нэг сарын хугацаанд www.tsetserleg.ulaanbaatar.mn тусгай цахим хуудсаар явуулах юм байна. Эцэг, эхчүүд уг цахим хуудсаар нэвтэрч, хүүхдийн регистрийн дугаарыг оруулахад автоматаар аль дүүргийн аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл гарч ирэх аж. Бүртгүүлсний дараа эцэг, эхчүүдийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар ирэх юм байна. Тухайн хүүхэд зөвхөн гэрийн хаягаараа цэцэрлэгт бүртгүүлэх учраас хаягийн зөрчилтэй,шилжүүлэг хийлгээгүй эцэг эхчүүд асуудлаа цэгцлэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

 

Онлайнаар зөвхөн шинээр цэцэрлэгт орж байгаа буюу 2015 онд төрсөн хоёр настнуудыг онлайнаар бүртгэх аж. Хуучин цэцэрлэгт явж байсан хүүхдүүд анги дэвшээд явах учраас онлайнаар бүртгүүлэх шаардлагагүй юм.

 

Нийслэлийн төрийн өмчийн 216 цэцэрлэг дээр онлайн бүртгэлийг зохион байгуулах бөгөөд Нийслэлийн боловсролын газраас гаргасан урьдчилсан дүнгээр энэ хичээлийн жилд 24 мянга орчим хүүхэд шинээр цэцэрлэгт элсэх юм байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Онлайнаар хүүхэд бүртгээд таатай л юм .
2017-07-21