Элэгний В, С вирусийн шинжилгээнд ахмадуудыг үнэгүй хамруулна
2017-07-27

Гэрэл зургийг mpa.mn

 

“Элэг бүтэн Монгол хөтөлбөр"-ийг санаачлагч Оном сангаас маргааш буюу "Дэлхийн хепатитын өдөр"-ийг угтан 65-аас дээш настай иргэдийг В, С вирүсийн илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар болжээ. 

 

 Энэ талаар “Элэгний төв” лабораторын Ерөнхий менежер С.Хишигтогтох "Нас ахих тусам вирүсийн халдвар авах эрсдэл ихэсдэг. Вирүс удах тусам халдвар болдог. Нийслэлийн 65-аас дээш насны ахмадууд маргаашаас В,С вирүсийн шинжилгээнд үнэгүй хамрагдаж эхэлнэ. Элэгний төв лаборатори  дээр маргааш өглөө 8:30-17:00 цагийн хооронд ахмадууд маань ЭМД, иргэний үнэмлэхтэйгээ ирж шинжилгээнд үнэгүй хамрагдах боломжтой” гэлээ. 

 

“Оном сан” ТУЗ-н дарга ШУ-ны доктор Д.Наранбаатар "Оном сан, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Монголын гастроэнтерологийн холбоо, Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл хамтран “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг санаачлан улмаар Монгол Улсын Засгийн газраас 2016-2020 оны Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт орж, Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөр болон батлагдсан билээ. Монгол Улсын Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн Эрт илрүүлэлтийн аяныг орон даяар хэрэгжүүлэхдээ 2017 онд 40-55 насны иргэдийг элэгний В, С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар болсон" гэв.

 

"Оном" сан, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Монголын гастроэнтерологийн холбоо хамтран жил бүрийн долоодугаар сарын 28-ны өдөр тохиодог “Дэлхийн хепатитын өдөр”-өөр элэгний өвчлөл хамгийн өндөртэй Сүхбаатар, Дорнод, Дундговь, Увс, Булган, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Хөвсгөл есөн аймгийн 65-аас дээш насны иргэдийг вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулах сарын аяныг аймгийн нэгдсэн эмнэлэг, өрх, сумын эмнэлгүүдээр дамжуулан 2017 оны долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 28-ны хооронд зохион байгуулахаар болжээ.

 

                                                                                                        Ц.Тэнгисболд

Shuud.mn
Сонин хачин