Террористууд сүмд халдаж, 29 хүнийг хөнөөжээ
2017-08-02

Афганистаны Херат хотноо байрлах шийтийн шашинтнуудын мөргөл үйлдэж байсан сүмд террористууд халдлага үйлдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

 

Халдлагын үеэр уг сүмд 300 мөргөлч мөргөл үйлдэж байсан гэнэ. “Уг террорист халдлагын улмаас 29 хүн амиа алдаж, 63 хүн бэртэж ойролцоох эмнэлэгүүдэд хүргэгдсэн” хэмээн Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Жалани Фархад хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна.

 

Энэхүү халдлагаас нэг өдрийн өмнө нийслэл Кабул хотноо байрлах Иракийн Элчин сайдын яамны гадна амиа золиослогч этгээд амиа егүүтгэсэн билээ. Уг террорист халдлагаар гурван хүн амиа алдсан юм. Энэхүү халдлагын ард Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл бий хэмээн албаныхан мэдэгдсэн бол “Херат хотын сүмд болсон халдлагын ард ямар террорист бүлэглэл байгаа нь нууц хэвээр байгаа” гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлийнхээ үеэр дурьджээ.

 

Гэрчүүдийн өгүүлж буйгаар “дээрх халдлагын ард алан хядах “Талибан” бүлэглэл бий” гэсэн байна.

 

Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлж, гэмт этгээдүүдийг яллахаа  амлажээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин