Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой
2017-08-02

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хувьсгал, реформын шинжтэй өөрчлөлтийг нэгдэж нийлэн хийцгээе

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Бизнесийн салбарыг ойлгодог, зовлонг нь мэддэг хүн  Монгол Улсын Ерөнхийлөгч болсны хувьд Монголд үндэсний үйлдвэрлэл хөгжихөд ямар бэрхшээл, саад учирдгийг би сайн мэднэ” хэмээгээд “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжихийн тулд хувьсгал, реформын шинжтэй өөрчлөлтийг нэгдэж нийлэн хийцгээе. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дэмжихэд бэлэн байна” гэлээ.

 

Монголд худалдааны эдийн засаг удаан хугацаанд ноёрхлоо. Одоо худалдааны эдийн засгаас үйлдвэрлэлийн эдийн засагт шилжихийн тулд үндэсний үйлдвэрлэгчид хүсэл, зорилгоо нэгтгэн ажиллах цаг боллоо. Монгол Улсын эдийн засаг импортоос хэт хараат, үйлдвэрлэлийг дэмжих бодлогоо сул тавьснаас баялаг үйлдвэрлэгчид хүнд байдалд орсон. Арилжааны зээлээр аж үйлдвэрийг хөгжүүлэхгүй. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх нэгдсэн бодлого, хөтөлбөр хэрэгтэй. Мөн зах зээлийн эдийн засгийг өөрчилж нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга онцолж байлаа.

 

Тэрээр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галтыг хүлэн авч уулзах үеэрээ АНУ нь Монгол Улсад үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг тус улсад татваргүй экспортлох тухай шийдвэрийг 1992 онд Монгол Улсын шинэ тутам ардчиллыг дэмжих зорилгоор гаргаж байсан боловч тухайн үеийн зах зээлийн боломж бололцооноос шалтгаалан Монголын компаниуд ашиглаж чадаагүй, харин одоо энэ ажлыг шинээр эхлүүлэх боломж байгаа эсэх талаар санал солилон ярилцсан тухайгаа уулзалтын үеэр мөн дурдлаа.

 

Үйлдвэрлэгчид санаа бодол, дуу хоолой, хүч бололцоо, үйл ажиллагаагаа нэгтгэж, дор дороо салбараа байгуулж, Худалдаа, аж үйлдвэрийн танхимыг шахаж ажиллахыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үйлдвэрлэгчдэд анхааруулаад Төрийн тэргүүний зүгээс тэднийг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Эх сурвалж: president.mn

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
хэрвээ зөв сэдвэл..., PRдаж байгаа бол бизнесменүүдийг
2017-08-02
Зочин:
OOROOR HELBEL ERDEMTEDEE
2017-08-02
Зочин:
хэрвээ зөв сэдвэл..., PRдаж байгаа бол бизнесменүүдийг