200 саяаар үнэлэгдсэн хосгүй авъяас
2017-08-04

 

Хөлбөмбөгийн спортын түүхэндэх хамгийн үнэтэй наймаа өнгөрсөн шөнө албан ёсоор хийгдлээ. Энэ нь мэдээж Бразил довтлогч Нэймарын наймаа байсан бөгөөд ПСЖ клуб түүний төлөө 222 сая евро буюу 200 орчим сая фунтийг Испанийн Барселона клубт төлөхөөр болжээ.

 

Энэ нь өмнө рекорд 89 сая фунтээс даруй 110 орчим саяаар илүү байгаа юм. Өмнөх дээд амжилтыг 2016 оны 8-р сард Английн Манчестер Юнайтед баг тогтоож байсан бөгөөд Италийн аварга Ювэнтус клубээс Пол Погбаг худалдан авч байсан түүхтэй.

 

Өмнөх рекордууд

 

  1. Пол Погба (Ювэнтус – Манчестер Юнайтед) – 89.3 сая фунт
  2. Гарет Бэйл (Тоттенхэм – Реал Мадрид) -  85.3 сая фунт
  3. Криштиану Роналду (Манчестер Юнайтед – Реал Мадрид) – 80 сая фунт

 

Цалин

 

Тэгвэл ийм өндөр үнэлэгдсэн Бразилийн одод хэдий хэмжээний цалин өгөх нь сонирхол татаж байлаа. Нэймэр өнгөрсөн улиралд Барселона клубээс долоо хоногийн 289.000 фунтын цалинг авч байсан бөгөөд 2021 он хүртэл энэ гэрээгээр явах байсан. Харин тэрбээр ПСЖ клубтэй нийт 5 жилийн гэрээ байгуулсан бөгөөд энэ хугацаанд 220 сая еврогийн цалин авахаар болжээ. Энэ нь түүнийг мөн л Дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчдийн тоод оруулж байна. Тодруулбал Нэймар жагсаалтын 2-р байранд бичигдэх юм.

 

Нэймар жилд 45 сая еврог Францын багаас авах бөгөөд энэ нь 40.7 сая фунттэй тэнцэж байна. Энэ нь долоо хоногийн 865.000 евро (782.000 фунт)-н цалин гэсэн үр юм. Бүх хөлбөмбөгчдийн авдаг цалинг татварын өмнөх байдлаар жагсаавал 25 настай Бразил залуу мөн л жагсаалтыг тэргүүлэхээр болж байна.

 

Өмнөх рекордууд

 

  1. Эзекель Лавесси (Хэбэй Фортуне) – долоо хоногт 798.000 фунт
  2. Карлос Тэвес (Шанхай Шенхуа) – долоо хоногт 634.615 фунт
  3. Криштиану Роналду (Реал Мадрид) – 424.615 фунт

 

Гэхдээ Франц улс нь орлогын албан татварын хэмжээгээрээ Европ тивд төдийгүй Дэлхийд дээгүүр ордог юм. Иймээс Нэймарын гар дээр авах жилийн цалин 27.932.840 фунт болох юм. Энэ нь

 

Сард – 2.327.736 фунт

Долоо хоногт – 537.170 фунт

Өдөрт  - 76.738 фунт

Цагт – 3197.4 фунт

Минутад – 53.29 фунт

Секундэд – 0.88 фунт (1 евро)-г авна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл Наймар ПСЖ өнгөрүүлэх 5 жилийн хугацаандаа 1 секунд тутамд 2930 төгрөгний цалинг гар дээрээ авах юм.

 

ПСЖ клубээс гарсан зардал

 

Наймааны болон цалингийн нийт зардалыг хамтатгавал ПСЖ клуб Бразил довтлогчийн төлөө 400 гаруй сая фунтыг зарлагадаж байна. Хэдийгээр Парис хотын баг Францын лигт санхүүгийн хувьд хүчирхэг багуудын тоонд багтдаг ч Испани, Англи, Германы топ багуудтай харьцуулахад санхүүгийн чадвар арай сул.

 

Тус багийн өнгөрсөн улирлын нийт орлогыг эргэн харвал 775 сая евро болж байна. Энэ нь хөлбөмбөгийн багуудын дундаас 11-р байранд жагсах үзүүлэлт болсон юм. Энэ ашгийнхаа 134 саяыг тоглолтоос, 179 саяыг телевизийн шууд дамжуулалтаас, 394 саяыг зар сурталчилгаагаар, 133 саяыг худалдаа (өмсгөл г.м)-с олжээ.

 

Жилийн орлого ийх хэмжээнд байхад 200 саяаар нэг тоглогч авна гэдэг нь санхүүгийн хувьд асуудал асуудал үүсгэж болох ч Нэймэр тус багт ирснээр клубын жилийн орлого эрс өснө гэж тооцоолж байгаа олон хүмүүс байгаа гэнэ.

 

Статистик үзүүлэлт

 

Бразилийн Сүпер одын гэнэтийн гэмээр шилжилт олон хөлбөмбөг сонирхогчдийн хувьд чих дэлдийлгэсэн үйл явдал болсон юм. 2013 онд нутгийнхаа Сантос клубээс 48.6 сая фунтын үнээр Барса очиж байсан тэрбээр жил ирэх бүрт үзүүлэлтээ ахиулж, баг үзүүлэх нөлөөлөлөө нэмэгдүүлсээр байсан нь түүний үнэ өсөх гол шалтгаан байсан нь гарцаагүй.

 

MSN буюу Барселона клубын довтолгооны шугамын шилдэг гурвалын үзүүлэлтийг хооронд нь харьцуулвал Нэймар нэгж гоолд оролцох үүргээрээ сүүлийн 3 жил дараалан тэргүүлсэн юм.

 

Өнгөрсөн улиралд Нэймэр Барселона багийн нэрийн өмнөөс нийт 45 тоглолтод оролцсон бөгөөд нийт 3972 минутыг талбайд өнгөрүүлжээ. Энэ хугацаандаа 20 гоолыг оруулсан бөгөөд 199 минут тутамд нэг гоолыг өрсөлдөгч багийнхаа хаалганд хийж байсан юм. Мөн үүний хажуугаар 27 гоолын дамжуулалт өгсөн нь тун өндөр үзүүлэлтэд тооцогдож байна.

 

Испанийн Ла лигийн өнгөрсөн улиралд тэрбээр 90 гаруй гоолын боломж үүсгэсэн цорын ганц тоглогчоор нэрлэгдсэн юм.

 

Албан ёсны танилцуулага

 

Ийнхүү Бразилийн Сүпео од тоглогч Францын нийслэл хотын багт албан ёсоор шилжиж, хөлбөмбөгийн түүхэнд тодоор бичигдэх нэгэн наймаа хийгдлээ. Түүний албан ёсоор танилцуулах хэвлэлийн бага хурал манай цагаар өнөө орой болохоор төвлөгдөөд байгаа гэнэ.

 

Харин Нэймарыг ПСЖ-н дэмжигчдэд албан ёсоор танилцуулах үйл ажиллагаа энэ ням гарагт болох улирын нээлтийн тоглолтын өмнө болох гэнэ.  ПСЖ клуб шинэ улирлын нээлтийн тоглолтоо Амьен клубын эсрэг талбайдаа хийх юм.  

     

    

Shuud.mn
Сонин хачин