Герман ”машин” хэзээ зогсох вэ
2017-08-08

НБА-д тоглосон хамгийн агуу гадаад тоглогч хэн бэ гэвэл Дөрк Новицки гэж бүх хүн санал нэгдэнэ. НБА-ын аварга, Маварекс багийн түүхэнд тодорсон хамгийн тод од. Гурваас шиддэг орчин цагийн том тоглогчдын анхдагч, лигийн үнэ цэнэтэй тоглогч гээд авч болох бүхнийг тултал авсан нэгэн. Алдрын танхимд эхний санал асуулгаар л орчихоор нэгэн.

 

 

Гэхдээ өдгөө 39 настай Герман машин хэзээ зогсох бол гэдэг асуулт хүн бүрийн толгойд байдаг байх. Одоогоор тэрбээр 2 жилийн гэрээтэй байгаа. Гэхдээ энэ гэрээний хугацааг дуустал тоглож чадах уу гэсэн эргэлзээнд тэрбээр саяхан Марк Спирст хэлсэн байна.

 

Дөрк Новицки “ Би хоёр жилийн гэрээтэй байгаа. Тиймээс энэ гэрээгээ дуустал тоглоно гэж найдаж байна. Өнгөрсөн улиралд Ахиллесийн шөрмөсний гэмтлээс болж хоёр сар тоглож чадаагүй. Үнэхээр хүндхэн байсан шүү. Энэ улиралд харин гэмтэл бэртэл гайгүй байгаасай гэж найдаж байна. Хэрвээ энэ улирал аятайхан өнгөрчихвөл дараа улиралд ч тоглоход асуудалгүй. Энэ улирлыг л хэдүүлээ сайн ажиглая даа. Биеэ чагная. Тоглосон бүх хугацаандаа би сагсанбөмбөгөөс таашаал авч чаддаг. Тоглолт бүр надад сэтгэл ханамж өгдөг. Тэмцэнэ гэдэг сайхан зүйл шүү дээ” гэсэн байна.

 

Түүнийг гэрээгээ дуустал тоглож чадна гэдэгт багийн эзэн Марк Кубан итгэлтэй байгаагаа байнга илэрхийлдэг.  Нас ахисан ч Дөрк одоог хүртэл хамгаалахад хамгийн хэцүү, үр бүтээлтэй том тоглогч хэвээрээ байгаа билээ.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин