Дэлхийн 200 гаруй яруу найрагч Монголд чуулна
2017-08-16

Гэрэл зургуудыг MPA.mn

 

“Дэлхийн яруу найргийн өдрүүд”-ийг Монголд анх удаа энэ сарын 16-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан яруу найрагчид мэдээлэл хийлээ.

 

Одоогоор дэлхийн 40-өөд оны 200 орчим яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, хэвлэн нийтлэгч, уран бүтээлч Монголд хүрэлцэн ирж дэлхийн яруу найргийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүлэхээр бүртгүүлжээ.  

 

Тухайлбал, Норвегийн Вангийн яруу найргийн зөвлөх, нэрт яруу найрагч Кнут Өдигард, Испани хэлт яруу найргийн өнөө цагийн сод төлөөлөгч, Нобелийн шагналт Висенти Александрийн шавь Испанийн нэрт яруу найрагч Хусто Хорхе Падрон, Дорно дахины өнөө цагийн соён гэгээрүүлэгч, Франц Кафкагийн шагналт, гүн ухаантан, Тайваны яруу найрагч Юй Си, Казакстан Улсын хөдөлмөрийн баатар, яруу найрагч Олжас Сулемейнов зэрэг яруу найрагч наадамд урилгаар оролцох юм байна.

 

 

Дэлхийн яруу найргийн өдрүүдийн хүрээнд "Байгалийн оюун санаа ба хүмүүний сэтгэлийн байгаль" хэмээх агуулгын дор Улаанбаатар хотод Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурал, Дорноговь аймгийн Хамарын хийдэд “Данзанравжаа олон улсын яруу найргийн наадам”-ыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Монголын уран зохиолын алдар суутнууд болох XIX зууны Монголын суут зохиолч, яруу найрагч В.Инжиннашийн 180, суут яруу найрагч Д.Нацагдоржийн 111, Б.Явуухулангийн 88, Г.Сэр-Одын 100, Ч.Лхамсүрэнгийн 100, Ч.Чимэдийн 90, М.Цэдэндоржийн 85, Д.Гомбожавын 85, Д.Нямсүрэнгийн 70, О.Дашбалбарын 60 насны тэгш ой тохиож буй энэ онцлог жилд энэхүү соёлын томоохон үйл явдал Монголд анх удаагаа болох гэж буйг зохион байгуулагчид онцоллоо.

 

 

Дэлхийн яруу найргийн өдрүүдийн ерөнхий зохион байгуулагчаар Монголын Соёл Яруу найргийн Академи ажиллах бөгөөд хамтран зохион байгуулагчаар Дорноговь аймгийн ЗДТГ, Монголын Урлагийн Зөвлөл, Нью Жуулчин ХХК, Монголын Зохиолчдын эвлэл, Дэлхийн урлаг соёлын академи, Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын холбоо оролцож байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Khovsgol:
Nutagtaa hiiheer tolovloj baisan ym .hamariin hiid dornogovid hiiheer bolson bna.mash sain chin setgeleesee amjilt hysie.
2017-08-16