Ц.Баатархүү: Ц.Сандуйг огцруулах саналыг дэмжиж байна

НИТХ-ын дарга Ц.Сандуйг 60 тэрбумын асуудлаас үүдэж, огцруулах саналыг НИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчид гаргаад буй. Энэ саналыг НИТХ дахь АН-ын бүлэг дэмжиж буйгаа илэрхийлэн, өнөөдөр мэдээлэл хийлээ.
НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн НИТХ-ын анхдугаар чуулган дээр АН-ын бүлгийн 11 төлөөлөгч НИТХ-ын дарга Ц.Сандуйгаас тодруулга авч байсан. Тухайн үед Ц.Сандуй энэ 60 тэрбумын яриаг худлаа, гүтгэлэг, эвлүүлэг. Хэрвээ энэ үнэн болох нь нотлогдвол би ёсзүйн хариуцлага хүлээж, НИТХ-ын даргын албанаас татгалзана гэж амалж байсан. Харин саяхан болсон МАН-ын УЗ-ийн хурлаар энэ бичлэг үнэн болохыг баталсаныг эрх баригч намын олон нөхөд ярьж байна. Тиймээс НИТХ дахь АН-ын бүлэг Монгол төрийн ой санамжийг тасалдуулж байгаа, төрийн албыг мэргэшсэн болгох бодлогын эсрэг ажиллаж байгаа Ц.Сандуйг огцруулах саналыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэхийг дэмжиж байна” гэсэн байр суурийг илэрхийлэв.
НИТХ-ын хуралдаан энэ сарын 31-нд болно. Энэ хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах асуудлыг хэлэлцүүлэх саналд МАН-ын бүлгийн 16, АН-ын 11 төлөөлөгч санал нэгдээд буй.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ