“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр Хөвсгөлд нээлтээ хийлээ
2017-08-24

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан эмч нарын баг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлттэй өдөрлөгийг Хөвсгөл аймагт өчигдөр зохион байгууллаа.

 

 

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн өмнөх талбайд болсон өдөрлөгийн үеэр 500 гаруй иргэд үзлэг, оношилгоонд хамрагджээ.

 

Хүн амын суурьшил, хөл хөдөлгөөн ихтэй тус аймаг сүүлийн жилүүдэд элэгний өвчлөлөөр улсад тэргүүлэх болжээ.

 

Тиймээс цаашид “Элэг бүтэн” Монгол хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд төр засаг, иргэд, ААН болон салбарын бусад эмч, мэргэжилтнүүдтэйгээ хамтран ажиллана гэдгээ  Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр онцолсон байна.

 

 

Нээлтийн үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлэхдээ “Монгол улсын Засгийн газраас баталсан “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд 2020 он гэхэд элэгний В, С вирусын шалтгаант нас баралтыг зогсоох зорилт тавьсан.

 

Энэ хүрээнд энэ онд 40-65 настай иргэдийг В, С вирусын шинжилгээ, оношлогоонд үнэ төлбөргүй хамруулахаар болсон. 2018 онд үлдсэн бүх иргэдийг үзлэг, шинжилгээнд хамруулна. Хөтөлбөрийн нээлтийг аймаг бүрт хийж, өдөрлөг зохион байгуулснаар иргэд заавал Улаанбаатар хот руу явж зардал, чирэгдэл болохгүй орон нутагтаа бүх төрлийн үзлэг, оношлогоонд маш идэвхтэй хамрагдаж байна. хөтөлбөрийн нээлт нийслэлийн 9 дүүрэг, 11 аймагт амжилттай явагдсан бөгөөд энэ хүрээнд нийтдээ 37 мянга гаруй иргэдийг элэгний B, C вирусын эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдаад байна” гэлээ.

 

 

Хөвсгөл аймагт салбарын удирдлагууд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлтийг хийхээс гадна шарлагын иж бүрэн олон үйлдэлтэй аппаратыг Мөрөн сумын Эрүүл мэндийн төвд, хүчилтөрөгчийн өтгөрүүлэгчтэй аппаратыг Хатгал сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.

 

Мөн Хөвсгөл аймгийн зургаан сумын Эрүүл мэндийн төвд яаралтай түргэн тусламжийн машиныг гардуулсан байна. 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Une tulburgui gej hudlaa yrihaa boli. Irgediin tatvaraar sanhuujij naij uursduusuu gargaj baigaa met yriad baih ym. Ichij amidar.
2017-08-24