Японыг айлгаж, АНУ-д сануулга өгсөн ПУУЖИН

Хойд Солонгос өнөөдөр баллистик пуужин харвалаа. Энэ талаар “www.telegraph.co.uk” сайт мэдээллээ.
“АНУ-ын газар нутгийн нэгээхэн хэсэг Номхон Далайн Гуам арлыг газрын хөрснөөс арчина” гэх Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Уны заналхийлал хоосон яриа байгаагүй гэдгийг тэрбээр өнөөдөр үүрээр баталлаа. “Учир нь Пхеньяны харвасан пуужин Номхон Далайн хойд бүсэд туссан” талаар Японы Батлан хамгаалах яамнаас уламжлав.
Хойд Солонгос өнөөдөр орон нутгийн цагаар 6.02 цагийн орчимд Сунанаас алсын тусгалтай пуужинг харвасан байна. Японыг чиглэн харвасан уг пуужин 550 км орчим өндөрч хүрч, 2700 км замыг туулжээ. Пуужин агаарт гурав хуваагдаж, Японы Хоккайда арлын дээгүүр нисэн улмаар Номхон Далайд хүрчээ. Хойд Солонгос Японыг чиглэн пуужин харвасантай холбогдуулан тус улсын эрх баригчид Хоккайда аралд амьдарч буй иргэдийг яаралтай хорогдох байруудад очихыг уриалжээ. Япон аюулгүй байдлын үүднээс хил орчимдоо пуужин эсэргүүцэгч төхөөрөмж суурилуулаад нэлээдгүй хугацааг өнгөрөөж байна. Гэхдээ энэ удаад уг төхөөрөмжийг ашиглаагүй аж.
Японы Ерөнхий сайд Шинзо Абе шуурхай хэвлэлийн хурал хийх үеэрээ “Ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө бид бүгдийг хийнэ. Шаардлагатай гэвэл хариу арга хэмжээ авна. Хойд Солонгос улсаас өмнө нь ирж байгаагүй ноцтой аюул заналхийлэл ирлээ” гэж мэдэгджээ. Хойд Солонгосын өмнө нь харваж байсан баллистик пуужингууд ихэвчлэн Японы Тэнгист унадаг байсан бол энэ удаа Японы дээгүүр өнгөрсөн нь япончуудыг айлгаж байна. “Ийнхүү Хойд Солонгос, Японы хаана ч хүрэх чадвартай пуужин гаргаж авсныг батлах үйл явдал боллоо” хэмээн Абе мэдэгдлийнхээ үеэр онцолжээ.
Хойд Солонгос өнгөрөгч амралтын өдөр гурван ширхэг ойрын зайн пуужин туршсан билээ. Энэ пуужингуудын хоёр нь хөөрсөн даруйдаа дэлбэрсэн бол нэг нь Японы Тэнгист унасан юм.
“Пуужингийн туршилтыг Пхеньян амжилттай болсон” хэмээсэн боловч Вашингтон “Өмнөх баллистик пуужингуудын адилаар бүтэлгүйтсэн” гэсэн юм. Пентагон өнөөдөр болсон Хойд Солонгосын пуужингийн туршилтыг хянаж байсан талаараа мэдэгдээд “Тун удахгүй уг пуужин ямар загварын пуужин болохыг тогтоохоос гадна хэр хэмжээний хохирол учруулсан эсэхийг тодруулна” гэсэн байна.
Дээрх үйл явдлын улмаас АНУ болон Өмнөд Солонгосын цэргүүд хяналтаа сайжруулж, байлдааны ажиллагаанд шилжжээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Ин Жэ яаралтай Аюулгүй зөвлөлийг хуралдуулж “Хойд Солонгосын баллистик пуужингууд илүү боловсронгуй болж байна. Тэдний үйлдэл олон улсыг заналхийлж байна” гэж мэдэгдэв. Хойд Солонгос пуужин харвасан нь хоёр Солонгосын цэрэггүй бүсэд болж буй АНУ болон Өмнөд Солонгосын цэргүүдийн хамтарсан сургуулилттай байж болзошгүй юм.
Энэ сарын 21-нд эхэлсэн цэргийн сургуулилтыг Хойд Солонгос “Дайныг өдөөн турхирсан үйлдэл хэмээн мэдэгдэж, “Удахгүй хариуг нь барих болно” хэмээн төрийн мэдлийн “KCNA” агентлагаараа дамжуулан мэдэгдсэн. Уг мэдэгдлийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Ким Чен Ун хоёр улсын хил дээр уламжлал болгон зохион байгуулдаг арга хэмжээг үргэлж дайныг өдөөн турхирсан үйлдэл хэмээн хүлээн авдаг нь түүний алдаа” гэж хэлжээ. Тэрбээр долоохон хоногийн өмнө “Ким Чен Ун биднийг хүндэтгэж эхэллээ” хэмээн мэдэгдсэн.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон “Энэ бол өдөөн хатгасан үйлдэл” гэж мэдэгдээд Бид хоёр улсыг хэлэлцээрийн ширээний ард суулгах бүхий л боломжийг судалж байна” гэв.
БНХАУ-ын эрх баригчид Хойд Солонгосын баллистик пуужингийн туршилттай холбогдуулан мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд энэ долоо хоногийн эцсээр Хятадад “БРИКС”-ийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдах юм. Энэхүү уулзалтын үеэр Хойд Солонгосын цөмийн хүчин чадлын талаар удирдагчид хэлэлцэхээр төлөвлөж байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ