Улаанбаатар
Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
2017-9-1

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулж Монгол Улсын нийт ард иргэд, сурагч, оюутан, багш, сурган хүмүүжүүлэгчдэд хандан  мэндчилгээ дэвшүүллээ.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээндээ “Монгол Улсын нийт ард иргэд, хүүхэд залуучууд, багш, сурган хүмүүжүүлэгчид ээ!

 

Эрдэм номдоо шамдан суралцах  Есдүгээр сарын нэгний баярт өдрийн мэндчилгээ дэвшүүлье! Хичээлийн цүнхээ мөрөвчлөн  эрдэм номын замдаа гарч,  төрөлх сургуулийнхаа гадаа шуугилдах   хүүхэд залуусын  баяр  хөөрөөр улс орон маань бялхаж байна. Мянга мянган балчир нялх иргэд маань аав ээжийнхээ гараас хөтлөн цэцэрлэг яслийнхаа зүг  яаран алхаж байна. Улс орны маань ирээдүй болсон эдгээр  хүүхэд залуучуудын   бүтэн жилийн турш юуг сурч, юуг мэдэж авч, бүтээж туурвихаас Монгол Улсын  хөгжлийг  хойчид  түүчээлэх  эрдэм мэдлэгийн хуримтлал, оюун боловсрол, улсын маань гадаад дахь нэр хүнд ихээхэн хамаарна.     

 

Монгол Улсын төр, Засгийн газраас багшийн хөдөлмөрийг үнэлэхэд дорвитой өөрчлөлт хийх нь зайлшгүйн зэрэгцээ  сурагчид нь  сурлагын чанарын үзүүлэлтээрээ тэргүүлдэг  багш нарыг ажилласан жил харгалзахгүй  урамшуулан тэтгэх замаар цалин хөлс, илүү цагийн мөнгөн олговрыг тогтоох нь чухал байна.

 

“Эрдэм суръя гэвэл сэтгэлээ тогтоо” гэсэн  мэргэн үг бий.  Хорин нэгдүгээр зууны хөгжил дэвшлээс суралцан, орчин үеийн мэдээ мэдээллийн цөмд  эргэлдэж байгаа хүүхэд залуус маань  хөгжлийн сөрөг талуудаас өөрсдийгөө авч үлдэхийн тулд  аливаад авах гээхийн ухаанаар ханддаг байх ёстой.  Анги танхим, хичээлийн ширээний ард интернет, гар утсыг нэн хэрэгтэй үед ашиглаж, хэт хэрэглээгээ   хязгаарлах тухайд эцэг эхчүүд, ард иргэд сүүлийн жилүүдэд онцгой санал шүүмжлэл өрнүүлдэг болсон байна.

 

Хүүхэд залуус та бүхэн  Хичээлийн шинэ жилийн эхнээс  эх хэлээрээ зөв ярьдаг, гараараа  цэвэр сайхан  бичдэг, дөрвөн аргын тоог цээжээрээ  боддог, санаагаараа уран яруу найруулдаг, бяр, хурдаараа шударга  өрсөлддөг,  сэтгэлийнхээ өнгөөр зурж буддаг  энгийн  дадалд суралцахыг эрхэмлэн хичээгээрэй. Энэхүү дадал бол шавь хүний  сэтгэлийг тогтоон төвшрүүлэх хөрс болж, тогтсон ухамсар, сэтгэлд эрдмийн үр суулгаж чадваас хожмоо  арвин ургац хураадгийг эрхэм мэргэн багш нар маань анхааралдаа авна гэж итгэж байна.

 

 Монгол Улсын Төрийн тэргүүний бүрэн эрх үүргийн дагуу, жил бүрийн Есдүгээр сарын 1–нийг Эх хэлний өдөр болгон зарлаж бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх зарлиг гаргалаа. Төрөлх монгол эх хэлээрээ зөв ярьж зөв бичиж сурч хэвшүүлцгээе. Эх хэлээ хайрладаг хүн эх орноо хайрладаг иргэн мөн.

 

Эх хэлний өдрийн хүрээнд есдүгээр сарын 1-ний өдрийн нэгдүгээр цагийн хичээлийг Ерөнхий боловсролын сургуулиуд болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд  МОНГОЛ ХЭЛ, МОНГОЛ УРАН ЗОХИОЛЫН ХИЧЭЭЛ болгон өөрчилж нэмэлтээр оруулахыг  БСШУС-ын яамтай тохиролцсоны дагуу Хичээлийн шинэ жил эхэлж байна. Их дээд сургуулиудын хичээлийн  нэгдүгээр цагийг монгол түүхийн хичээл болгож оруулахаар тогтлоо.

 

Монгол Улсад төрийн болон хувийн хэвшлийн, олон улсын  боловсролын  харилцан адилгүй стандартын сургалт явуулдаг бүхий л сургууль, сургалтын орчинд монгол иргэнийг  монгол хэл  сэтгэлгээтэй, өв тэгш бие бялдартай , цэвэр ариун ёс суртахуунтай, эх соёл, эх орондоо хайртай, эрдэм мэдлэг төгс иргэн болгож  бэлтгэн гаргах хариуцлагатай  цаг мөч тохиож байна.

 

Хүндэт багш нар, сурган хүмүүжүүлэгчид ээ!

 

Оюутан сурагчид, эцэг эхчүүд, ард иргэд ээ!

 

Монгол хүний  оюун боловсрол, эрдэм мэдлэг, түүний чанар чансаа, олон улсад өрсөлдөх чадвар нь Монгол төрийн бодлого, анхаарлын төвд байсаар ирсэн бөгөөд иргэдийнхээ сурч мэдэх, өөрийгөө хөгжүүлэх зүй ёсны тэмүүллийг нь дэмжин, хамтран ажиллах Та бидний  Хичээлийн шинэ жил эхэллээ!   

 

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!” гэлээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2017-2018 оны хичээлийн жилийн нээлтэд зориулж ийнхүү мэндчилгээ дэвшүүлэхэд Монгол Улсын Ардын багш, монгол хэл уран зохиолын багш Д.Төмөр, Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Б.Цолмонгэрэл, Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн уран сийлбэр, монгол дархны ангийн оюутан Л.Хишигбаатар, “Шинэ монгол” сургуулийн 1 дүгээр ангийн сурагч Э.Энгүүн болон бага, дунд ахлах ангийн сурагчид, оюутнуудын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад 23 дугаар сургуулийн 6 дугаар ангийн сурагч М.Номуун өөрийнхөө анхны уран бүтээл “Гэгээнтний найз” номоо бэлэглэв.

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Өмнөх ерөнхийлөгч 4 жил хичээлийн нээлтээр хичээл зааж байсан.Тэр уламжлал тасарч байна уу.Эсвэл энэ ерөнхийлөгч хичээл заагаад нэг цаг тодорхой асуудлаар ярьчих чадваргүй амьтан юм боловуу.Чадварч байхгүй л байхаа даа
2017-09-01