Будапешт-2017: Н.Түвшинбаяр хэсгийн аваргын төлөө барилдана
2017-09-02

Жүдо бөхийн ДАШТ 6 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн -100 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох +78 кг жингийн барилдаанууд болж буй. Эдгээр жинд манай улсаас Л.Отгонбаатар (-100кг), МУ-ын Хөдөлмөрийн баатар, Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр (+100), Ө.Дүүрэнбаяр, ОУХМ Б.Мөнхтуяа (+78) нар зодоглов.

 

Гэрэл зургийг Mongolian Judo Association хуудаснаас авав.

 

Тэднээс ОУХМ Л.Отгонбаатар, Залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр, ОУХМ Б.Мөнхтуяа нар ялагдал хүлээж, тэмцээнээ дуусгалаа.

 

Харин олимпийн аварга Н.Түвшинбаяр шигшээ наймд шалгараад байна. Тэрбээр эхний тойрогт  Казахстаны Ержан Шинкеевийг ялсан. Хоёрдугаар тойрогт Австрийн Стефан Хегитэй хүч үзэж, үүрэх мэхээр вазари үнэлгээ авч яллаа. Одоо тэрбээр А хэсгийн аваргын төлөө дэлхийн чансааг тэргүүлэгч Бразилийн Давид Моуратай барилдана.

Shuud.mn
Сонин хачин