Хүмүүнлэгийн талаар төрөөс баримтлах бодлого хэрэгтэй
2017-09-04

Хүмүүнлэгийн талаар төрөөс баримтлах бодлого сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд Иргэний танхимд боллоо.  Оролцогчдод Ерөнхийлөгчийн хүмүүнлэгийн бодлогын орон тооны бус зөвлөх С.Пүрэвсүрэн илтгэл тавьж хэлэлцүүлэв. Тэрбээр “Монгол Улс Үндсэн хуулиндаа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох эрхэм зорилго тавьсан. Гэвч өнөө болтол хүмүүнлэгийн талаар төрөөс баримтлах бодлого, дэмжлэг, туслалцаа үгүйлэгдсээр байна. Хүмүүнлэгийн чиглэлээр төрөөс баримтлах нэгдсэн бодлого, чиглэлийг боловсруулан бүх нийтийн үйлс болгон хэрэгжүүлэх шаардлагатай” гэдгийг онцолж байв. Хэлэлцүүлэгтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн хүмүүнлэгийн бодлогын орон тооны бус зөвлөх С.Пүрэвсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

 

-Хүмүүнлэгийн талаар төрөөс баримтлах бодлогод юу тусгах бол?

 

-Өнөөдөр манай олон улсын хүмүүнлэгийн байгууллага байдаг. Тэд монголын ард түмэнд туслах, дэмжсээр ирсэн. Хүмүүнлэгийн арга хэмжээг олон байгууллага нэгдэн зохион байгуулдаг, олон ч хандивын данс нээгддэг. Гэвч тухайн  арга хэмжээ нь эзэндээ хүрч чаддаггүй. Тиймээс хүмүүнлэгийн талаар төрөөс баримтлах бодлогыг гаргаж нэгдсэн зохион байгуулалттай болгох хэрэгтэй. Олон улсын байгууллагын ирүүлсэн тусламжийн нөөцлөх гамшгийн агуулахтай  болж, шаардлагатай үед тусламжийг шуурхай хүргэдэг байх хэрэгтэй. Энэ зорилгоор өнөөдрийн хэлэлцүүлгийг явуулж байна.

 

-Гадаад орнуудын хүмүүнлэгийн чиглэлээр баримтлах бодлого ямар  байна вэ?

 

-Өнөөдрийн үйл ажиллагаанд гадаадын ЭСЯ, 11 олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байна. Гаднын орнуудад үндэсний хэмжээнд  хүмүүнлэгийн бодлогыг Ерөнхийлөгч эсвэл Ерөнхий сайд, мөн Тэргүүн хатагтай нар өөрсдийн ивээл дор удирдан явуулдаг жишиг байдаг. Төрөөс энэ чиглэлээр анхаарлаа хандуулж, нэгдсэн бодлоготой байвал иргэд хаана хандах вэ, бусдад хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулах эрх нь ч нээгдэнэ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин