Жилд 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол илэрч байна
2017-09-05

 

“Хүн амын дундах сүрьеэгийн тархалтыг тогтоох судалгаа”-нд дурдсанаар манай улсад жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Сүрьеэ нь Монголд бүртгэгдэж буй халдварт өвчний шалтгаант өвчлөлийн гуравдугаарт, нас баралтын шалтгааны нэгдүгээрт бичигддэг аж. Энэ нөхцөл байдлыг харгалзан 2016 оноос Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгүүд Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгтэй хамтран “Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрьеэгийн эсрэг Монгол-Солонгосын хамтын ажиллагаа” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.Төслийн хүрээнд Чингэлтэй болон Баянзүрх дүүрэг, их сургуулийн оюутнуудын дунд сүрьеэ өвчний үзлэг, шинжилгээг үнэ төлбөргүй хийж байгаа юм.

 

Энэ төсөл хэрэгжсэн жил гаруй хугацаанд Чингэлтэй дүүргийн 13 мянга гаруй иргэн, их сургуулийн 3000 гаруй оюутныг сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулсан байна.  Шинжилгээгээр уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэгийн 110 тохиолдол, үүнээс эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 10 тохиолдол илэрч, эмчилгээнд хамруулжээ. 

 

Өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд хийсэн ажлуудыг дүгнэн, үр дүнтэй байна гэж талууд үзэж байгаа учир төслийг 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр боллоо.

 

Р.Ренчиндулам

Shuud.mn
Сонин хачин