Жонсон дээд амжилтын төлөө тулалдана
2017-09-06

 

АНУ-ын цагаар энэ бямба гаригт UFC-215 багц тулаан болно. Энэ арга хэмжээний үеэр хамгийн сонирхолтой тулаан нь Деметриус Жонсоны аваргын бүсээ хамгаалах тулаан байх юм. 57 кг-ын жингийн уг тулаанд тэрбээр ялж гэмээнэ 11 дараалан бүсээ хамгаалсан Андэрсон Силвагийн амжилттай тэнцэх учиртай.

 

Жонсоны хувьд замналдаа 12 дарааллан ялсан амжилтаар бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон дарааллан ялсан амжилттай тамирчдын жагсаалтад гуравдугаар байранд бичигддэг. Тэрбээр 2012 оны 9 сарын 22-оос хойш одоогийн эзэмшиж буй бүсээ хамгаалж байгаа нь тус холбооны бүх жингийн ангилалд хамгийн удаан бүсээ хамгаалж байгаа рекорд амжилт болчихоод байгаа юм.

 

Эдгээрээс гадна хэрвээ уг тулаанд ялах аваас Жорж Сен Пьерийн эзэмшдэг аваргын төлөөх тулаанд хамгийн олон буюу 12 удаа ялалт байгуулсан амжилттай тэнцэж ирнэ. Гэхдээ энэ бүхэн түүний хувьд шинэ зүйл биш. Учир нь Жонсон мэргэжлийн замналдаа одоогийн байдлаар 29 тулаанд орохдоо 26-д нь ялж, ердөө 2 ялагдаж байсан нэгэн. Мөн түүний ялсан тулааны арав нь өчилтөөр ялсан тулаан байдаг.

 

Харин түүний өрсөлдөгч Рэй Борг замналдаа ердөө хоёр дахь удаагаа л таван үетэй тулаанд орох гэж буй нь энэ. Мөн Борг өмнө нь аваргын бүсийн төлөөх тулаанд огт орж байгаагүй билээ. Тиймээс судлаачид уг тулааныг хугацаанаасаа өмнө эрт дуусах магадлалтай гэж үзэж байна.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин