Багш нар ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

21 аймгийн багш нарын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Төлөөлөл “Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо” байгуулж УИХ, Засгийн газарт багш нарын цалинг нэмэх шаардлагыг сарын өмнө хүргүүлсэн. Шаардлагын хариу энэ сарын 15-нд гарах ёстой ч төлөөлөл хэрэв багш нарын цалинг нэмэхгүй гэсэн шийдвэр гаргавал тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдэв.
Хурлын үеэр “Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо”-ны ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа “Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо байгуулагдаад нэг сар болж байна. Өнөөдөр багшийн цалинг нэмэгдүүлэх асуудал засгийн газрын хэмжээнд шийдэгдэхгүй байна. Энэ байдлыг эсэргүүцэж байгаа юм. Бид цалин нэмэгдтэл тэмцэх болно. Энэ оны наймдугаар сарын 30-нд Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын хариу есдүгээр сарын 15-нд ирнэ. Хэрэв хариу ирэхгүй бол бид тэмцлийн цаашдын шатанд шилжиж, орон даяар багш нар ажил хаяна” гэв.
Говь-Алтай аймгийн багш нарын төлөөлөл Ж.Энхбаатар “Говь Алтай аймгаас 1000 гаруй багш нарын эрх ашгийн төлөө энд ирээд байна. Өнөөдөр сайд дарга нар дэлхийн боловсролыг Монголд гэж хэлдэг. Үүний төлөө багш нар хичээж ажиллаж байгаа. Гэтэл өнөөдөр багш нар үүний төлөө өдөр шөнөгүй ажиллаж, 500 мянган төгрөгөө гололгүй ажилласаар өдийг хүрлээ. Монгол хөгжингүй орны тоонд ордог ч багш нарынхаа хөдөлмөрийг буурай орныхтой адил үнэлдэг. Аливаа улс орны хөгжил боловсролоос шалтгаалдаг. УИХ-ын гишүүд өөрсдийн төлөө хэдэн тэрбумаар нь хөрөнгө цацдаг. Гэтэл боловсролын төлөө гар татаж байна” хэмээв.
Завхан аймгийн залуу багш нарын төлөөлөл Н.Лхавга “Миний хувьд авч буй цалингаа амьдралдаа хүргэхэд хэцүү байна. Цалин бага болохоор багшийн мэргэжлийг сонгож байгаа хүмүүс маш цөөхөн. Улмаар чадварлаг хэсэг нь өөр өндөр цалинтай мэргэжил сонгож байна. Биднийг сэхээтэн хүмүүс байж нийгэм цаг үеэ мэдэрсэнгүй гэдэг. Тэгвэл нэг л зүйлийг хэлье, эрх баригчид эдийн засгийн өсөлтийнхөө хамгийн эхний ашгийг багш нарынхаа цалинг нэмэгдүүлэхэд зарцуулаач ээ. Дараа нь төрд болж буй концесс зэрэг хулгай дээрмээ зогсоогооч. Хэрэв ингэж чадвал багш нарын цалинг нэмэх хөрөнгө гарч ирэх нь лавтай. Өнөөдөр зөвхөн багш нарын эрх ашиг яригдаж байгаа юм шиг байж болно. Гэвч үүний цаана Монголын ирээдүй болсон хүүхдийн тухай асуудал хөндөгдөж байгаа юм. Тиймээс бидний тэмцлийг төр засаг минь анхаарч ойлгоно гэдэгт залуу хүний хувьд итгэлтэй байна. Багш нарыг дэмжих гол хөшүүрэг бол цалин юм” гэлээ.
Засгийн газарт хүргүүлсэн шаардлагад гурван үндсэн зүйл тусгаад байгаа аж. Нэгдүгээрт, багшийн цалингийн доод хэмжээг 1.6 сая төгрөг болгох, хоёрдугаарт, багшийн цалинг тодорхой төвшинд тогтоон барих, гуравдугаарт боловсролын салбарын ажилчдын нийгмийн баталгааг сайжруулах гэнэ.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ