НҮБ: Рохинжа үндэстэнг хоморголон устгах бодлого явуулж байна
2017-09-12

Мьянмарын Засгийн газар шашны цөөнх гэгддэг Рохинжа үндэстний эсрэг цэргийн ажиллагаа явуулах болсон. Уг үйл явдалтай холбогдуулан Рахинэ мужид амьдардаг олон мянган рохинжачууд дүрвээд буй юм. Ойролцоогоор 300 мянган иргэн дүрвээд байна. Рохинжа үндэстнүүд хүмүүнлэгийн хямралыг зогсоохын тулд өчигдрөөс эхлэн нэг сарын хугацаатай галт зэвсгээс татгалзаж буйгаа зарласан бөгөөд Засгийн газартайгаа тохиролцоонд хүрэх санал тавьжээ.

 

 

Женев хотноо өчигдөр зохион байгуулагдсан хуралдааны үеэр НҮБ-ын Хүний Эрхийн дээд комиссар Зэйд Раад аль Хуссэйн Мьянмарын Засгийн газрыг буруутгаж “Мьянмарын Засгийн газар нэн яаралтай Рохинжа үндэстнүүдийн эсрэг явуулж буй хүч түрэмгийлсэн цэргийн ажиллагаагаа зогсоо. Энэ бол үндэстнээр нь хоморголон устгах явдлын тод жишээ” гэсэн байна.

 

Засгийн газрын цэргүүд өнгөрсөн сарын 25-наас эхлэн рохинжа үндэстнүүдийн голлон амьдардаг Рахинэ мужид цэргийн ажиллагаа явуулах болсон. Энэхүү үйл явдлын улмаас 100 орчим хүн амиа алджээ. Цэргийн ажиллагаа явуулах болсон гол шалтгаан нь хэсэг рохинжууд Рахинэ мужийн цагдаагийн хэсгүүд рүү халдаж, 12 цагдаагийн аминд хүрсэнтэй холбоотой юм.

 

Мьянмар улсад албан бус тоогоор 1.1 сая Рохинжа үндэстэн амьдардаг аж. Тэднийг Бангладеш улсаас дүрвэн ирсэн дүрвэгчид хэмээн эрх баригчид үздэг байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин