Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан МАН тарах ёстой

Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо, Ард түмний онц түр зөвлөлөөс хэвлэлийн хурал хийлээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор данстай хүмүүст 49 хоногийн хугацаа өгсөн. Энэ хугацаанд оффшор бүсэд хадгалуулсан мөнгөө эх орондоо оруулж ирэхийг хүссэн. Харин Ерөнхийлөгчийн өгсөн хугацаа дуусгавар болоход мөнгөө оруулсан ирсэн эрхмийн нэр дуулдсангүй. Тиймээс ТББ-ууд нэгдэн тэмцэхээр болсон гэнэ. Тэд энэ сарын 23-ны 12.00 цагт Сүхбаатарын талбайд бүх нийтийн цуглаан хийх болсноо зарлалаа. Энэ цуглаанаар үзэл санаа, шударга ёс, аж үйлдвэржилтийн хувьсгал хийх уриалгыг дэвшүүлэх аж. Төрөө цэвэрлэхийн тулд хүмүүс өөрсдийн гэсэн үзэл санаатай байх ёстой. Энэ тэмцэл шударга ёсыг тогтоож, төрийг цэвэрлэнэ. Үүний дараа баялаг бүтээх үйлдвэрүүдээ байгуулж, хүн шиг амьдрах ёстой гэж хуралд оролцогчид хэлэв.
Мөн энэ цуглаанаар УИХ-ыг тарахыг шаардах юм байна. Ард түмний онц түр зөвлөлийн хуулийн хэлтсийн дарга Батдорж “Монголд хууль байхгүйг та бүхэн харж байгаа. УИХ-ын гишүүд гэдэг чинь хэдүүлэхнээ хууль гаргаад, залилан мэхлээд сууж байдаг хүмүүс. Тэгэхээр Монголд ард түмний төр байхгүй болсон. Зөвхөн өөрсдийгөө хамгаалдаг хууль гаргадаг хязгааргүй эрх мэдэлтэй ноёд бий болсон. Тиймээс энэ УИХ тарах ёстой.
60 тэрбумын хэрэг бол нотлогдсон. Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан зүйл заалтад зайлшгүй хамрагдана. Дээд шүүх энэ намыг тараах ёстой. Төрийн эрхийг хууль бусаар авах, завдахыг хориглоно гэж Үндсэн хуульд заасан. Мөн улс төрийн намын тухай хуулинд төрийн эрхийг хууль бусаар авах үйл ажиллагаа явуулсан намыг татан буулгаж, тараана гэж заасан байгаа. Гэтэл энэ асуудлыг шийдэхгүй байна” гэсэн мэдээллийг өглөө.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ