У.Хүрэлсүх биш бол хэн Ерөнхий сайд гэж?

Дараагийн засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх болох ёстой хэмээн иргэд дэмжиж байгаа ч МАНАН бүлэглэл түүнийг л Ерөнхий сайд болгохгүй зорилго тавьсан юм шиг гадаад дотоодгүй уулзалдаж хуйвалдаж байна. Тэгээд ч өөрийн Засгаа унагах хорт ажиллагаанд гардан тулалдсан Хүүк нэр хүндээ шавар шавхайд багагүй буртаглаад авсан. Тэгвэл У.Хүрэлсүх биш бол хэн Ерөнхий сайд болох талаар улс төрийн хүрээнд төдийгүй иргэд олон нийтийн дунд таамаглал яваад эхэлжээ.
ХУВИЛБАР-1 буюу С.БЯМБАЦОГТ Ж.Эрдэнэбатынхаа засгийг торгоож чадаагүй М.Энхболд дараагийн засгийн газрыг дахин атгахын тулд өөрийн хүнээ зүтгүүлэх нь ойлгомжтой. Түүний зүтгүүлэхээр бэлдэж байгаа эхний хүн бол энэ. Гэхдээ Ж.Эрдэнэбатын засгийн газар унах болсон олон шалтгаанаас нууж, хаацайлаад нэмэргүй нэг асуудал бол “Концессийн хуйвалдааны гурвал”. Тэр нь Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Н.Номтойбаяр нар. Засаг унах том шалтаг шалтгаан болсон гол этгээдээ Ерөнхий сайд болговол МАН 2020 оны сонгуулийн өмнө амиа хорлосноос ялгаагүй үйлдэл болно.
ХУВИЛБАР-2 буюу Н.ЭНХБОЛД М.Энхболдын бүлэглэлээс засаг ба намын даргад зүтгүүлэх Б хувилбар бол нэр нэгт, нутаг нэгт, хэтэвч нэгт нь. Хэдийгээр нэр цэвэр, элдэв янзын хэл амнаас хол байдаг хэдий ч М.Энхболдоос санал болгож буй гэдгээрээ бусад бүлэглэлийн хувьд игзаар хөдөлгөж буй. Хүчтэй лидер биш тул бас л нас богинотой засгийн тэргүүн болж, 2020 онд МАН-ын рейтинг шалдаа унахад дахин нэг шалтгаан болно хэмээн тооцогдож байгаа.
ХУВИЛБАР-3 буюу Ч.ХҮРЭЛБААТАР “UBS” ба МГИМО фракцаас түүнийг зүтгүүлж магадгүй тухай яригдаж байгаа. “Шадар” Хүүк нь “Увс” Хүүктээ эрх мэдэл бариулах гэж цусанд гараа дүрсэн биш гээд энэ саналыг эрс эсэргүүцэж байгаа. МАН дотроо алалцахад МГИМО фракц дандаа хождог байдал дуусгавар болох ёстой гэж Миеэгийн бүлэглэл ч тааламжгүй хандаж байгаа. Тэгэхээр энэ “тавиул” хувилбарыг Ц.Нямдорж л хөзөр болгон бооцоогоо өсгөх зорилгоор дэвшүүлж буй хэрэг гэсэн МАН доторх шум илүү бодиттой байж мэдэх юм даа.
ХУВИЛБАР-4 буюу Ж.ЭНХБАЯР Аль нэг фракц бүлэглэлд харъяалагддаггүй, эрс шийдэмгий, шударга зантай, зангаргатай улс төрч. Ж.Энхбаяр дараагийн Ерөнхий сайд ба намын дарга байж болох санаа оноо жирийн иргэд төдийгүй судлаач шинжээчид, улс төрчдөөс явж эхэлсэн. Улс төрийн эр бяр нь тэнцэж, засаг ба намыг дажгүй удирдаад явчих аавын хүү. Гэвч саяын засаг унагах зодоонд ямар ч суудал авахгүй гэдгээ амлачихсан.
Эдгээр кандитатаас хэн чадварлаг, нэр хүндтэй, мэргэжлийнх нь засаг ба намаа удирдах лидер болно гэж тааснаас МАН-ын бүлэглэл хоорондын тохиролцоогоор бялууг гомдоолгүй хуваарилчих этгээдээр дараагийн Ерөнхий сайд тодорно гэж таамаглах нь бодит байдалд илүүтэй нийцнэ. Учир нь нам доторх бүлэглэлүүд 2020 оны МАН-ын ирээдүйг гэхээсээ бүлэглэлийнхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьж байна.
Д.Орхон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ