Ч.Цэнгэлмаа: Тохироогүй шил нүдний харааг муудуулдаг
2017-09-14

Энэ жилээс эхлэн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн баасан гаригийг хүүхдийн хараа хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг болж байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор ЭХЭМҮТ-ийн нүдний мэс заслын тасгийн эрхлэгч Ч.Цэнгэлмаатай ярилцлаа.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

          Сургуулийн насны хүүхдийн 15-20 хувийнх нь хараа муудсан байна

 

-Манай улсад хүүхдүүдийн харааны эмгэг өнөөдөр ямар байдалтай байна вэ?

 

-Манай оронд сохорлын тархалт 1000 хүүхэд тутамд 0.9 хувь байна. Мөн 100 мянган хүүхэд тутамд 5-6 болрын эмгэг тохиолдож байна. Судалгаагаар сургуулийн насны хүүхдийн 15-20 хувийнх нь хараа муудсан байсан.

 

-Хүүхдийн харааг хамгаалахын тулд эрүүл мэндийн байгууллагууд ямар ажил хийж байна вэ?

 

 -Өнөөдрөөс эхлэн “Хүүхдүүд ээ, нүдээ хайрлаарай” дуу, харааны шил зүүхийн ач холбогдол, харааны өвчин зэргийг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээнэ. ЭХЭМҮТ-д хүүхдийн харааны үзлэг өчигдөр эхлэсэн. Үүнд сургуулийн өмнөх болон сургуулийн насны бүх хүүхэд хамрагдах боломжтой. Маргааш ЭХЭМҮТ-ийн “Эрдмийн зөвлөлийн өргөө”-нд 21 аймгийн нүдний эмч нарыг хамарсан онлайн сургалт явуулна. Ирэх баасан гаригт хараа хамгаалах өдрийн нээлт манай эмнэлэг дээр болно. Мөн 2019 оноос халдварт бус өвчний үндэсний хөтөлбөр хэрэгжинэ. Энэ хөтөлбөрт сургуулийн өмнөх насны хүүхдийн харааг хамгаалах, шалгах, илрүүлэх цогц үйл ажиллагаа багтсан.

 

Улсын хэмжээнд хүүхдийн харааны 10 эмч бий

 

-ЭХЭМҮТ нь 21 аймгийн хүүхдийн эрүүл мэндийг хамгаалдаг гэж хэлж болно. Танай эмнэлэгийн нүдний тасагт ачаалал хэр байна вэ?

 

-Одоогоор манайх хүүхдийн нүдний зургаан их эмч, нэг зөвлөх эмчтэй. АШУҮИС-ийн резидент эмч нартай баг болон ажиллаж байна. Ачаалал бол маш их байдаг. Өдөрт 100-150 хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна. Мэс заслын тасагт долоо хоногт 15-20 мэс засал хийж байгаа Олон улсын байгууллагатай хамтран 2014-2018 онд хараа хамгаалах сүлжээ төсөл хэрэгжүүлэхээр болсон. Энэ төслийн хүрээнд эмч нарынхаа чадварыг дээшлүүлж, дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмжөөр хангагдсан.

 

-Улсын хэмжээнд хэчнээн хүүхдийн харааны эмч байдаг вэ. Энэ нь хангалттай байж чадаж байна уу?

 

-Харааны эмч улсын хэмжээнд 150 байдаг бол эдгээр дунд хүүхдийн хараагаар мэргэшсэн 10-аад эмч бий. Эндээс хүүхдийн харааны эмч нарын хүртээмж манайд муу байгааг харж болно. Хүүхдэд харааны тусламж маш их байгаа. Тухайлбал, харааны мэс засал хийлгэх хүүхэд арваннэгдүгээр сар хүртэл дараалласан байна. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ хараанд анхаарал хандуулах нь чухал.

 

Харааны шил зүүх шаардлагатай хүүхдийн 88 хувь нь шилээ зүүдэггүй

 

-Хүүхдийн хараанд юу сөргөөр нөлөөлж байна вэ?

 

-Сургуулийн өмнөх, сургуулийн насны хүүхдийн хараа муудах гол шалтгаан нь хугарлын гажиг буюу харааны шил зүүх зайлшгүй шаардлагатай байхад шилээ зүүдэггүйгээс үүссэн байдаг. 2005 онд гарсан судалгаагаар харааны шил зүүх шаардлагатай нийт хүүхдийн 88 хувь нь шилээ зүүдэггүй. Мөн компьютер, ухаалаг утас нөлөөлж байгаа. Түүнчлэн гадаа тоглохоо болиод тоглохдоо ч гэрт байдаг болсон нь хүүхдийн хараанд сөргөөр нөлөөлж байна. Хүүхэд аливаа зүйлийг тод харж чадахгүйн улмаас хичээлдээ сонирхолгүй болох улмаар сурлага нь муудах хандлагатай байдаг.

 

-Хүүхэд мэндлэхдээ харааны бэрхшээлтэй төрөх тохиолдол манайд хэр байна вэ. Энэ нь юутай холбоотой вэ?

 

-Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрдөг. Ээж эрүүл байхад ийм төрлийн асуудал үүсэхгүй. Тиймээс гэр бүл өөрсдийн эрүүл мэндийг нэгдүгээрт тавих хэрэгтэй. Эдгээр зүйлийг анхаараагүйгээс хүүхэд төрөлхийн харааны бэрхшээлтэй мэндлэх магадлал бий.

 

Хараа хамгаалах 20:20:20 зарчим

 

-Хүүхдийн харааг хэрхэн хамгаалах вэ?

 

-Хүүхдийн харааг хамгаалах нь зөвхөн нүдний эмч нарын ажил биш. Нийтийг хамарсан, нийгмийн асуудал. Үүнд эцэг, эхийн оролцоо чухал. Аливаа нүдний өвчин хараа муудах байдлаар илэрдэг. Гэтэл бага насын хүүхэд хараагаа муудаж байгааг мэддэггүй. Тиймээс багад нь, сургуульд орохоос нь өмнө хүүхдээ нүдний эмчид үзүүлэхгүй бол энэ нь цаашлаад хараа сулрах, улмаар сохролд хүргэх, эмчлэхэд хүндрэл учруулдаг. Хөгжилтэй оронд хүүхдийг 3-6 сар тутамд харааны урьдчилан сэргийлэх үзлэгт оруулдаг. Манай орны нөхцөлд  сургуульд орохоос нь өмнө хүүхдийн харааг шалгуулах хэрэгтэй. Хүүхэд мэдээллийн 80 хувийг нүдээр харж тогтоодог. Тиймээс ийм өргөн уудам нутагтай манай орны хувьд хүүхдийг сургуульд орохоос нь өмнө 3-5 настайд нь харааны үзлэгт оруулах хэрэгтэй

 

-Хүүхдийн харааг хамгаалах олон араг бий. Үүнээс хамгийн үр дүнтэй аргыг сонирхуулахгүй юу?

 

-АНУ-ын нүд судлалын холбооноос судалгаагаар гаргасан 20:20:20 зарчим бий. Энэ нь 20 фит газрыг 20 минут тутамд 20 секунд харах. Монголоор бол зургаан метр газрыг 20 минут тутамд 20 секунд харах. Мөн 40 минутаас илүү хугацаанд компьютер, ухаалаг утас хэрэглүүлэхгүй байх хэрэгтэй. Манайд 4-8 цаг ухаалаг утас хэрэглүүлэх тохиолдол байна. Байнга утас ширтэх нь дотогшоо хялар үүсгэдэг.

 

Р.Ренчиндулам

Shuud.mn
Сонин хачин
mongola:
Mash ih heregtei zuil niitelsen bn
2017-09-14