Эцэг эхийн үндэсний зөвлөгөөн болж байна
2017-09-15

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ивээл дор зохион байгуулагдаж буй “Гэр бүл- Хүүхдийн хүмүүжлийн анхдагч орчин” эцэг эхийн үндэсний зөвлөгөөн Монголын хүүхдийн ордонд болж байна.

 

 

Зөвлөгөөнд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат илгээлт хүргүүлснийг бүрэн эхээр хүргэж байна.

 

“Зөвлөгөөний хүндэт төлөөлөгчид,

Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье. 

 

“Гэр бүл, хүүхдийн хүмүүжлийн анхдагч орчин” эцэг, эхийн үндэсний зөвлөгөөнөөр эцэг эхчүүд Та бүхэн үр хүүхдийнхээ хүмүүжил төлөвшлийн талаар болон монгол гэр бүл бүрийн өмнө тулгамдаж буй асуудал, тэдгээрийг хамтдаа хэрхэн шийдвэрлэх талаар ярилцан хэлэлцэхээр ирсэнд талархаж байна.

 

Гэр бүл гэдэг бол төр улс дахь “гэр улс”, улс үндэстэн оршин тогтнох язгуур үндэс мөн. Нүүдлийн соёл иргэншлийн уламжлалтай Монгол Улсын хувьд гэр бүлийн амьдралд эцэг эх, үр хүүхдээ дээдлэх, эв эеийг хичээх, эрдэм номыг шүтэх, өв, уламжлалаа нандигнах соёл, зан заншил нь монгол гэр бүлийн үнэт зүйл юм. 

 

Гэр бүл нь амьдралын их сургууль, хүмүүнлэг нийгмийн эх сурвалж мөн. Гэр бүлийн харилцаа нь хүүхдийн төлөвшил, хүний хөгжлийн үндэс төдийгүй цаашлаад улс үндэстний аюулгүй байдал, ураг удмын үнэт зүйл, улс нийгмийн харилцааны суурь болдог. Хүнийг хайрлан хүндлэх, энэрэн хүлээн зөвшөөрөх, ойлгон уучлах, асран халамжлах, итгэн туслах зэргээр хүнийг “хүн” болгож хүмүүжүүлдэг, нийгмийг соён гэгээрүүлэх гэр бүлийн үүргийг үнэлээд ч баршгүй.

 

Гэр бүл бүхэн өөрийн үнэт зүйлсээ дээдлэн хөгжүүлж, үр хойчдоо уламжлан үлдээж байх нийгмийн үүрэгтэй. Орчин цагт амьдралын хэв шинжүүд өөрчлөгдөн гэр бүлийн янз бүрийн хэв маяг шинээр үүсэж байгаа нөхцөлд цөөн хүн амтай манай орны хувьд гэр бүлийн боловсролыг шинжлэх ухааны үндэслэлтэй, гэр бүлийн хэрэгцээнд нийцүүлэн олгох нь улс орны төдийгүй хүний хөгжлийн чухал асуудал юм.

 

Удам холдвол ухаан сайжирна гэдэг. Монгол гэр бүл бүхэн ургийн бичиг хөтлөх уламжлалаа дээдлэн монгол хүний удмын санг эрүүл авч явах үүргээ биелүүлж, түүнийг ч төр засгийн зүгээс бодлогоороо хөхүүлэн дэмжих шаардлагатай байна. 

 

Гэр бүлийн талаар төрөөс баримтлах бодлогыг гэр бүлд итгэл найдвар хүлээлгэх замаар нийгмийн хөгжлийн аливаа асуудлыг гэр бүлд төвлөрүүлж шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Өөрөөр хэлбэл, хүүхдийн хүмүүжил төлөвшил, залуучуудын ажил мэргэжил, ажлын байр, ахмад үеийнхний асрамж хамгаалал, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэм дэх тэгш оролцоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэмжлэг туслалцаа зэрэг нийгмийн эрсдэл, бэрхшээлтэй бүх асуудлыг эхлээд гэр бүлийн хүрээнд шийдвэрлэгдэх боломжоор хангах нь зүйтэй юм. 

 

Өнөөдөр Монгол Улсын хүн ам 3.1 саяд хүрч түүний 35,8 хувийг 0-14 насны хүүхэд, 37,7 хувийг 15-34 насны өсвөр үе, залуучууд эзэлж байна.

 

Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан агентлагийг анх удаа бий болгон, гэр бүл, хүүхдэд зориулсан үйлчилгээг үр ашигтай хэрэгжүүлэхэд зориулсан Хүүхэд хамгааллын зардлыг өмнөх оныхоос 2 дахин нэмэгдүүлж санхүүжилтийг улсын төсвийн төсөөлөлд суулгалаа. Энэхүү санхүүжилт нь гэр бүл, хүүхэд, залуучуудыг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хууль эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хамгааллын ажил үйлчилгээ үзүүлэхэд болон төрийн болон төрийн бус байгууллагууд үр дүнтэй хамтран ажиллахад дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Яам, агентлагаас эхлээд аж ахуйн нэгж, албан байгууллага, бизнесийн салбар бүхэн “Гэр бүл төвтэй хүний хөгжил”-ийн асуудлыг бүх түвшинд өөр өөрийн шугамаар дэмжин ажиллах ёстой. Нэн тэргүүнд холбогдох байгууллагад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нэгжийг байгуулж, гэр бүлд зөвлөгөө өгөх төвүүдийг сум, хорооны түвшинд гэр бүлд аль болох ойр ажиллуулахыг хөхүүлэн дэмжиж байна.

 

Нэгэн хүүхэд зөв хүмүүжвээс нэгэн өрх дэгжихэд тусаа өгч, нэгэн өрх дэгжвэл нэгэн аймаг, хот хөгжихөд дэм болж, нэгэн аймаг, хот хөгжвөл нийт улс мандахад хүч болох учиртай. Цаашид Засгийн газрын байгууллагууд нийгмийн ажил үйлчилгээ, хүүхдийн хөгжлийг дэмжих зардлын үзүүлэлтийг тодорхой болгон, гэр бүлд үзүүлэх үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

 

Монголын үрс аав, ээжийнхээ энэрэл хайранд энх тунх, алдар нэр бүтэн, заяа буян тэгш байж, өрх гэр бүл бүхэнд аз жаргал, баяр баясгалан бялхаж байх болтугай.

 

“Гэр бүл, хүүхдийн хүмүүжлийн анхдагч орчин” эцэг, эхийн үндэсний зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье” гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
р:
өө тиймүү ямар эцэг эх яаж оруулсан юм бол
2017-09-17