“Аз жаргалтай гудамж” бүтээлч аян эхэллээ
2017-09-15

2015 онд 54, 2016 онд 50 хүүхэд, 2017 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 47 хүүхдийн амь нас хохирч, 129 хүүхэд хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртжээ.

 

Зам тээврийн ослын улмаас хүүхэд амь насаа алдсан тохиолдлын 85 хувь нь орон нутгийн замд бүртгэгдсэн байхад гэмтсэн хүүхдийн 64,3 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна.

 

 

Хүүхэд өртсөн зам тээврийн ослыг судлан үзэхэд тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ, хорооллын дотор болон хашаандаа тоглож байх үедээ, гэрээс сургууль сургуулиас гэр хүрэх замдаа томчуудын буруутай үйлдлээс шалтгаалж байна. Хүүхдийг замын хөдөлгөөнд оролцох үед нь харгалзах хүнгүй оролцуулдаг, зорчигч хэлбэрээр тээвэрлэж явахдаа хамгаалах хэрэгсэл, зориулалтын суудал хэрэглэдэггүй зэрэг буруу дадал зуршлыг өөрчлөх цаг нэгэнт болсон байна.

 

Хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ асуудлыг гол сэдвээ болгож, яриа хэлэлцүүлэг өрнүүлж, сурвалжлага мэдээллийг байнга бэлтгэж сэрэмжлүүлж байгаа хэдий ч бусад төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэд, хамт олныг хамруулсан бүтээлч ажил буюу гарч болзошгүй зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодит шийдэл, ажил үгүйлэгдэж байгаа юм.

 

Иймд МҮОНР-ийн Хүүхэд Залуучуудын Редакци санаачлан, Замын цагдаагийн албатай хамтарч “Аз жаргалтай гудамж” бүтээлч аяныг 2017 оны 09-р сараас 2017 оны 12-р сарыг дуустал 4 сарын хугацаанд өрнүүлэхээр уриалга гаргаж байна. 

 

МОНГОЛ ХҮҮХДИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ СЭТГЭЛ ЗҮРХЭЭ ЗОРИУЛАХ ХҮН БҮХНИЙГ УГ АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА.

 

Аяны хүрээнд байгууллага, хамт олон, аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлан өөрсдийн санаачлагаар зам тээврийн осол, хэргийг бууруулах, хүүхдийг зам тээврийн осол, эмтлээс хамгаалах зорилгоор авто зам, гудамж талбай, сургууль цэцэрлэгийн орчин, хүүхдийн аюулгүй байдлын төлөө шинийг санаачлан өөрсдийн бодит үйл ажиллагаагаараа хамтран ажиллах юм. 

 

Аяны хүрээнд та бүхний хийж хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, санаачлага, бүтээн байгуулалтыг МҮОНРТ-ээр орон даяар олон нийтэд сурталчилан таниулах юм.

Shuud.mn
Сонин хачин