Хүүхдийн хүмүүжилд багшаас илүү фэйсбүүк нөлөөлж байна

Монголд анх удаа зохион байгуулж буй “Эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөгөөн” Монголын хүүхдийн ордонд боллоо. Энэхүү зөвлөгөөний нээлтэд ХНХЯ-ны дэд сайд С.Мөнгөнчимэг, ХНХЯ- ны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх тэргүүтэй албаны хүмүүс болон эцэг, эхийн 500 төлөөлөл оролцсон юм.
Зөвлөгөөний үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын илгээлтийг нийт эцэг, эхийн төлөөлөл, хүндэт зочдод уншиж танилцуулав.
Зөвлөгөөн нь “Монгол хүүхдийн төлөвшлийн өнөөгийн байдал”, “Эцэг эхийн боловсрол-Төрийн бодлого” зэрэг олон асуудлыг авч хэлэлцэнэ. Тухайлбал, салбар хуралдаанаар сургуулийн өмнөх нас, сургуулийн бага нас ба эцэг эхийн хариуцлага”, “Сургуулийн дунд нас ба эцэг, эхийн хариуцлага”, “Сургуулийн ахлах нас ба эцэг, эхийн хариуцлага” зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа. Мөн “Хүнээр хүн хийх Монгол ухаан”, “Эцэг, эхчүүд хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд нөлөөлөх нь”, “Хүүхдийн насны үе шат бүрт тулгардаг эрүүл мэндийн асуудал, эмнэлэг, гэр бүлийн харилцаа”, “Хүүхдэд эх орон, газар нутгаа хайрлан хамгаалах хүмүүжил олгоход эцэг, эхийн үлгэр дуурайлал”, “Онцгой байдлын үе дэх хүүхэд, хамгаалал, урьдчилан сэргийлэх талаархи эцэг, эхийн чадамж” зэрэг сэдвээр холбогдох мэргэжилтнүүд илтгэл тавив. Энэ үеэр эцэг, эх, сурагчдын төлөөлөлтэй уулзаж, цөөн хором ярилцлаа.
Б.Алтантүлхүүр: Зөвлөгөөний дараа хүүхдүүд рүү чиглэсэн олон ажил хийнэ гэдэгт итгэлтэй байна
-Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас оролцож байна. Манай улсад сүүлийн үед эдийн засгийн хямралын талаархи мэдээлэл маш их гарч, үргэлж хүн бүрийн анхаарлын төвд байх болсон. Гэвч улс орны эдийн засаг чухал боловч түүнээс илүү чухал зүйлийн хажуугаар бид мэдсэн ч мэдээгүй юм шиг, харсан ч хараагүй юм шиг, өнөөгийн нийгэмд байх ёстой зүйл мэт бодон амьдарч байна. Тэр бол хүүхдийн хүмүүжил. Ялангуяа өсвөр насны хүүхдийн хүмүүжилд бид онцгойлон анхаарч үзэх хэрэгтэй гэж би ээж хүнийхээ хувьд боддог. Яагаад гэвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээг сонсож байхад энэ насны хүүхдүүдтэй холбоотой сөрөг мэдээллүүд их гарч байна. Тухайлбал, өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэг хийж байна. Өөрсдөө ч мэдэлгүй гэмт хэргийн хохирогчид болж байна. Ингэх болсон нэг шалтгаан нь орчин үед цахим хэрэгсэл үүссэнтэй холбоотой болов уу. Хүүхдүүд гар утас, нөүтбүүк ашиглаад фэйсбүүкт маш их цагийг өнгөрөөдөг. Гэхдээ эцэг, эхчүүд хүүхдүүдээ цахим орчинд юу хийж, хэнтэй нөхөрлөж байгааг тэр бүр анхаардаггүй. Яаж байна ч гэж анхаардаггүй шүү дээ. Энэ мэтчилэн бид хүүхдүүдтэйгээ ярилцах, ойлголцох ёстой олон асуудал бий. Бид энэ бүгдэд анхаарч, сэргийлэхийн тулд үндэсний зөвлөгөөн чухал үүрэгтэй. Тиймээс ч зөвлөгөөний дараа үүнд чиглэсэн олон ажил хийнэ гэдэгт итгэлтэй байна.
Я.Эрдэнэтунгалаг: Орчин үеийн эцэг, эхчүүд өөрийн үүргээ боловсролын байгууллагад даатгаж байна
-Хүүхдийн хүмүүжлийн гурван орчин байдаг гэж ойлгодог. Анхдагч орчин гэр бүл, хоёрдогч орчин сургууль, гуравдагч орчин нь нийгэм. Нийгэм болон сургууль, боловсролын газруудаас хүүхэд хамгаалал, хүүхдийн хүмүүжил, боловсролд чиглэсэн олон ажил хийж байна. Гэхдээ бидний хайрын бэлэг болж ирсэн үр хүүхдүүддээ эцэг, эхчүүд цаг зав хэр гаргаж байна вэ, анхдагч орчиндоо олж авах ёстой хүмүүжлээ олж авч чадаж байна уу гэдэг асуудлын тухайд их учир дутагдалтай. Зөвхөн орон нутаг төдийгүй Улаанбаатар хотод ч энэ асуудал бий. Зөвлөгөөний үеэр тавигдсан нэг илтгэлд орчин цагт гэр бүлд амьд харилцаа байхгүй болж байна гэж гарлаа. Тэр бол маш харамсалтай. Ер нь хүүхдийг хэт эрхлүүлж, хэт дарамт шахалттай байлгаж болохгүй. Бидний аав, ээж тунг нь тааруулна гэж ярьдаг шүү дээ. Тэр л арга билгийн ухаанаар үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх ёстой. Нөгөөтэйгүүр эцэг, эхчүүд боловсролын байгууллагад бүх үүрэг, хариуцлагыг өгдөг. Хуучин цагт бидний үед айлууд 10 гаруй хүүхэдтэй байсан. Одоо хамгийн олон хүүхэдтэй нь 4-5 байна. Ихэнхдээ 1-2 хүүхэдтэй. Гэтэл эцэг, эхчүүд ажилтай, завгүй гэдэг шалтгаанаар хүүхдэдээ зав тэр бүр гаргадаггүй. Тэгэхээр энэ талаар анхаарч, хүүхдэдээ ойр дотно байх хэрэгтэй. Аймаг болгоны боловсрол, нийгмийн хөгжлийн бодлого өөр. Манай аймгийн тухайд “Авьяаслаг Хөвсгөл” нэртэй хөтөлбөр хэрэгждэг. Оюунлаг байна гэдэг зөвхөн хичээл номондоо сайн байхын нэр биш.
Б.Ганчимэг: Ээж, аавыгаа найз шиг минь байгаасай гэж хүсдэг
-Нийслэлийн 47 дугаар сургуулийн XII ангийн сурагч Б.Ганчимэг байна. Бид ээж, аавдаа эрхэлж, тэдэнтэй ярилцмаар санагддаг. Гэвч “ядаргаатай юм бэ, завгүй байна. Том болчихоод, эрхлэх гээд байгаа юм уу” гэсэн үгс бидний сэтгэлийг гонсойлгодог. Ээж аавууд маань бидэнд цаг гаргаж, найз шиг минь байгаасай гэж хүсдэг.
Г.Наранбаатар: Хүүхдийнхээ үзэж, харж байгаа зүйлд анхаарал хандуул
Хүүхдүүд томрохын хэрээр эцэг, эхээсээ асуудлаа нуудаг, тэднээсээ “холддог” нь юутай холбоотой вэ гэдэг асуултад сэтгэл зүйч Г.Наранбаатар хариулсан юм.
- “Амьдралын гол утга учир гэр бүл гэж хүн бүр ярьдаг. Гэтэл гэр бүлийн боловсрол хаана ч алга. Нийгэмд сэтгэл зүйн боловсрол дутагдаж байна. Олон улсад сэтгэлзүйн зөвлөгөө үнэгүй авах бүхий л боломжийг гаргаж өгдөг. Гэтэл манайд эсрэг байдаг. Би Говь-Алтай аймагт ажиллаад ирлээ. Өсвөр насны гурван хүүхэд пиво уусан талаар надад ярьсан. Яагаад гэхээр тэдний шүтдэг сагсан бөмбөгчин пивоны рекламд тоглосон байгаа юм. Тэр нь хүүхдэд нөлөөлж, пиво уух сэдлийг төрүүлсэн байдаг. Ингэхлээр эцэг эхчүүд хүүхдийнхээ үзэж харж байгаа зүйлд анхаарал хандуулах ёстой. Хуучин цагт зөвхөн эцэг эх, багш нар хүүхдийг хүмүүжүүлнэ гэсэн хандлага давамгайлдаг байсан. Одоо реклам сурталчилгаа, мэдээ мэдээлэл, фэйсбүүкийн хэрэглээ хүмүүжилд нөлөөлж байна.
Зөвлөгөнөөс дүгнэхэд, мэдээ мэдээллийн энэ зуунд ухаалаг утас, компьютерын хэрэглээнээс хүүхдээ тас хориглох гэхээсээ илүү, хяналт тавьж, хэмжээг нь тааруулж хэрэглүүлэх шаардлагтай байна.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ