Рио Фердинанд боксчин болно
2017-09-19

 

Английн хөлбөмбөгийн шигшээ багийн хамгаалагч Рио Фердинанд мэргэжлийн боксчин болно. Хоёрхон сарын дараа 39 насны босго давах гэж байгаа Рио Фердинанд Дэйли Телеграфт өгсөн ярилцлагатаа энэ талаараа дурьдсан байна.

 

Манчестер Юнайтед багийн төлөө 300 гаран тоглолтонд оролцож, Английн шигшээ болон Манчестэр Юнайтед багийн ахлагчаар хүртэл тоглож байсан тэрбээр ийнхүү Конор МакГрегор, Куртис Вүүдхаус нарын замналаар замнахаар болж байна. Куртис Вүүдхаус нь хөлбөмбөгчингөөс мэргэжлийн боксчин болсон тамирчин билээ. Тэрбээр мэргэжлийн бокст 30 тулаанд орж 23 ялалт байгуулж байсан юм. Үүнийхээ арван гурвыг хүнд цохилтоор ялж байсан чамгүй сайн боксер билээ.

 

Рио Фердинандын хувьд 2015 онд гурван хүүхдийнх нь эх, өөрийн гэргий Ребекка Эллисонг хорт хавдрын улмаас алдсанаас хойш ихэнхи цагаа өөрийн үзэх дуртай байсан боксын спортын бэлтгэлд зориулсан гэнэ. Иймээс Мягмар гаригт Английн боксын холбоонд боксын тулаанд оролцох лиценз буюу зөвшөөрөл хүссэн гэдгээ илэрхийллээ.

 

Сонирхуулахад дээр дурьдсан Куртис Вүүдхаус нь 2012 онд 64 кг-д жингийнхээ аварга хүртэл болж байсан билээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин