Англи хэл дээрх ном хамгийн их борлуулалттай байна
2017-09-22

 

Номын хорхойтон, оюунлаг залуусын хүсэн хүлээдэг “Ulaanbaatar Book Fair” 20 дахь удаагийн номын баяр Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэллээ.

 

“Интер ном”, “Аз хур”, “Монсудар”, “Тагтаа”, “Непко”, “Мир”, ”Импати ХХК”, ”Books in English”, “Болор судар” зэрэг асруудаас гадна нэрт зохиолчид, хуучин номын худалдаа эрхлэгчид зэрэг Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг бүхий л газрууд байрлаж буй цагаан асар уншигчдаар дүүрэн байлаа. Энд хэвлэлийн газрууд, номын дэлгүүрүүд бүх номоо 5-90 хувь хямдруулсан байна. Мөн хуучин номын асраас олдоц багассан ховор ном авах хүн ч олон байлаа. 

 

Сонирхсон номынхоо зохиолч, орчуулагч, эрхлэн гаргагч нартай биечлэн уулзаж, гарын үсгийг нь зуруулан номоо хямдруулан авах хүн ч цөөнгүй байв.

 

Эдгээр дундаас бусдаас илүү уншигчтай асар нь “Интер ном” номын дэлгүүрийн асар байв. Учир нь, тэднийх номоо 10-40 хувь хямдруулаад зогсохгүй англи хэл дээрх номоо ердөө 3000 төгрөгөөр борлуулж байна. Англи хэл дээрх номын хэсэгт ихэвчлэн өсвөр насны хүүхэд, залуус дараалласан байв. Үүнээс үүдэн англи хэл дээрх ном хамгийн их борлуулалттай байна гэж дүгнэж болох юм. 

 

Мөн “Монсудар” хэвлэлийн газар, “Аз хур” номын дэлгүүрийн номууд хамгийн багадаа 20 хувь хямдарсан байв. Сонирхуулахад, энэ сарын 29-нөөс аравдугаар сарын 1-нд “Аз хур” номын их дэлгүүрт 72 цагийн 72 хувийн хямдралтай худалдаа болно.

 

Түүнчлэн “Сартр: Зурагт хөтөч” номоо өлгийдөж аваад удаагүй байгаа “Тагтаа” хэвлэлийн газраас бүх номоо 20-30 хувь хямдруулсан байв. Мөн багцаар нь авбал бүр ч хямдарна гэж байлаа. Түүний хажууд “Books in english”-ийн асар байрлаж байв. Тэнд англи хэл дээрх номууд 5-15 хувь хямдарч, зарим хуучин номууд нь 30-50 хувь хямдарчээ.

 

Баруун эгнээний асарт зохиолч Б.Шүүдэрцэцэгийн ”Үүлэн хээтэй орчлон”, “Домогт Ану хатан” зэрэг бүх номууд 25 хувийн хямдралтай борлуулагдаж байла.  Орчуулагч Ж.Нэргүйн бүтээлүүд болон “Анли үг цээжлэхгүй байхыг чинь харна аа” зэрэг Монголын орчуулагчдын холбооноос гаргасан номуудыг 20 хувь хямдруулж аваарай. Номын хорхойтнуудын сайн мэдэх хуучин номын асарт 500 төгрөгөөс дээш үнэтэй ховор содон номууд олон байлаа. Түүнчлэн Статистикийн ерөнхий газар, СУИС, МУИС зэрэг  зарим байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний бичиг, судалгааны материалуудаа худалдаалж байв.

 

Энэ үеэр зохион байгуулагч, уншигчдын сэтгэгдлийг сонслоо.

 

Г.Эрдэнэбат: Гэр бүлээрээ ном уншиж хэвшъе

 

Номын баярыг зохион байгуулагч Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат

 

Хүүхдүүд багш, эцэг, эхийн шаардлагаар ном уншдаг биш хүслээрээ уншдаг болох хэрэгтэй. Тэр урам зоргийг бий болгохын тулд бид номын сангийн номын тоог нэмэгдүүлэх, хичээх хэрэгтэй. Хэрэв ингэж чадвал хүүхдийн хувь заяанд хэрэгтэй. Энэ жилийн номын баярын уриа “Гэр бүлийн уншлагыг дэмжъе”. Тиймээс гэр бүлээрээ ном уншиж хэвшин, хүүхдээ номын хорхойтон болгохыг зөвлөе. Хүүхдийн номын хорхойтон болгох нь зөвхөн багш, эцэг, эх бус нийгмийг хамарсан ажил.

 

Номын баярын үеэр олон орны түүх, соёлын асруудаар зочлон сонирхолтой арга хэмжээнүүдэд оролцож ялагч болж, шагнал авах боломжтой. Өдөрлөгийн хүрээнд гэр бүлийн уншлагыг дэмжсэн уулзалт, ярилцлага, “Эх хэл, өв соёлоо дээдлэхүй” зөвлөгөө, тэгш ой тохиож буй зохиолчдын уран бүтээлийн үзэсгэлэн, уран уншлага зэрэг урамшуулалт тэмцээн уралдаан болно.

 

 

 

Г.Чулуунчимэг, Г.Энхбаяр: Хүссэн номоо хямдралтай үнээр авсандаа байртай байна

 

-Номын өдөрлөг их гоё болж байна. Жил бүр номын баярт ирж байгаа. Бид өнгөрсөн хавар ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. Одоо Хятад руу сургуульд явахаар төлөвлөж байгаа. Номын баярт ирснээр авахыг хүсч буй ном олон байсан ч “Цасан хотууд”, “Бидний оддын алдаа”, “Зүүд бол цорын ганц бодит зүйл” зэрэг ном авлаа. Эхний хоёр зохиолын киног нь үзсэнээс хойш номыг нь унших хүсэл төрсөн. Энд ирээд хүссэн номоо хямдралтай үнээр авсандаа байртай байна. Энэ номнуудаа бид ээлжлээд уншина.

 

Номын баяр маргааш буюу бямба гарагийн 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.

 

 

 

 

Р.Дулам

 

Shuud.mn
Сонин хачин
Ineed hurchihlee uhruud yg english eer unshaad oilgoj haragdaach
2019-07-21
Zochin:
Хятад руу битгий яваа.
2017-09-22
Зочин:
SOYL UURD
2017-09-22