АХБ: Монголын эдийн засаг үлэмж хэмжээгээр өслөө

Азийн Хөгжлийн банкнаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын таамгийг танилцууллаа.
Энэ оны эхний хагаст Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5.3 хувь хүрчээ. Өнгөрсөн жилийн 1.2 хувьтай харьцуулбал энэ үзүүлэлтийг үлэмж өсөлт гэж Азийн хөгжлийн банк үзлээ. Нүүрсний олборлолт сэргэсэн, экспортийн гүйцэтгэл өндөр байсан нь эдийн засгийн өсөлтөд гол нөлөөг үзүүлжээ.
Оны эхний хагаст төсвийн алдагдал 34.1 хувиар буурсан нь ДНБ-ий 5.8 хувьтай тэнцэж байна. Мөн төсвийн орлого 41.1 хувиар өссөн бол зарлага нь 9.6 хувиар нэмэгдсэн үр дүн гарсныг танилцуулав.
Энэ хугацаанд нүүрсний экспорт огцом нэмэгдэж, гадаад худалдааны ашиг өнгөрсөн онтой харьцуулбал 69.5 хувиар өсчээ. Мөн урсгал дансны алдагдал 42.8 хувиар буурсан нь ДНБ-ий 5.6 хувьтай тэнцэж байгаа аж.
Азийн хөгжлийн банкнаас эдийн засгийн өсөлтийг цаашид ч үргэлжилнэ хэмээн таамаглаж байна. БНХАУ-ын нүүрсний эрэлт хэвээр байх учраас өсөлт үргэлжилнэ гэж үзжээ. Бодит гүйцэтгэл, таамаглалаас доогуур гарахад түүхий эдийн үнэ буурах, нутгийн дийлэнх хэсгийг хамарсан гангийн нөлөөгөөр газар тариалан, МАА-н гүйцэтгэлийн дүн доогуур гарах зэрэг эрсдэл байгааг нэрлэлээ. Харин бодит үзүүлэлт таамагаас дээгүүр гарахад БНХАУ-ын өсөлт үргэлжлэх, тус улсын нүүрсний дотоодын нийлүүлэлтэд шок үүсэх, зэсийн үнэ өсөх магадлал зэрэг хүчин зүйлийг оруулан тооцжээ.
2017 оны төгсгөл болон 2018 онд энэ жилийн эхний хагасын эерэг үзүүлэлтүүд цаашид үргэлжилнэ гэж Азийн хөгжлийн банкнаас үзэж байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ