Ерөнхийлөгч Х.Баттулгад Унгар Улсын Элчин сайд ИЖБ барилаа
2017-10-03

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Унгар Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Галошфаи Михай Матиаш Итгэмжлэх жуух бичиг барилаа.

 

Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Галошфаи Михай Матиашийг хүлээн авч уулзав.

 

Уулзалтын үеэр талууд тодорхой хоёр асуудлаар ярилцаж, нэн даруй ажил хэрэг болгох нь зүйтэй гэдэг дээр харилцан санал нэгдсэн юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон жилийн турш яригдаж байгаа Биокомбинатыг сэргээн засварлах ажлыг шинээр барих ажил болгон түргэн хугацаанд эхлүүлэх тухай өнгөрсөн есдүгээр сарын эхээр Унгар Улсад ажиллах үеэрээ тус улсын Ерөнхий сайд Виктор Орбантай уулзаж ярилцсан талаараа танилцууллаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбантай уулзах үеэрээ 2010 онд байгуулсан “Биокомбинат ТӨҮГ-ын тоног төхөөрөмжийг шинэчлэх” төслийг санхүүжүүлэх 25 сая ам.долларын тусламжийн зээл олгох тухай хэлэлцээр өнөө хүртэл хэрэгжээгүй байгаа асуудлыг хэлэлцэж, уг төслийн хэрэгжилт удаашрах болсон шалтгааныг тодруулж, төслийг яаралтай эхлүүлэх чиглэлээр хоёр тал ажиллахаар тогтсон юм.

 

Уг төслийг Унгарын талтай хамтран хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ҮХАА-н сайдаар ажиллаж байхдаа анхаарал хандуулан ажиллаж байсан бөгөөд төсөл хэрэгжсэнээр мал сүрэг эрүүүлжиж, мал, мах, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортод дорвитой ахиц гарч, үүнээс улбаалан 160 гаруй мянган малчин өрхийн амьдралд чухал нөлөө үзүүлнэ. Улмаар Монголын эдийн засгийг олон талт болгоход чухал ач холбогдолтой болно хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. Саяхан шүлхий өвчин Улаанбаатар хотын бүс рүү орж ирсэн нь маш том аюулын харанга болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч анхааруулж ажлын хэсэг гарган Биокомбинатыг нэн даруй газар дээр нь очиж үзэж, төлөвлөгөө боловсруулан ажлаа эхлэх нь зүйтэй гэлээ. Ингэхдээ УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандан энэ ажилд хамтран ажиллана гэдгийг дурдав.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга удахгүй байгуулагдах шинэ Засгийн газрын ХХААХҮ-ийн сайдын хамгийн түрүүнд хийх ажил нь Биокомбинатын шинэчлэл байх ёстой гэж байв.

 

Элчин сайд Галошфаи Михай Матиаш энэхүү том төсөлд хувь нэмрээ оруулах гэж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, уг төсөл хоёр талд ашиг тустай болохыг тэмдэглэсэн юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэвшүүлсэн хоёр дахь санал нь Унгарын кино урлагийн хөгжлийн туршлагаас хуваалцах тухай байв.

 

Кино урлагаар дамжуулан залуучуудад эх оронч хүмүүжил олгохоос гадна Монголын түүх, соёл, өв уламжлалын талаар сурталчлан таниулахад чухал үүрэгтэй гэдгийг тэмдэглэлээ.

 

Элчин сайд Галошфаи Михай Матиаш Монгол Улсад өмнө нь ажиллаж байсан, монгол гэр бүлтэй, Монголд олон найз нөхөдтэй, Монгол орныг сайн мэддэг хүний хувьд хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын хүчин чармайлт гарган ажиллах болно гэдгээ уулзалтын үеэр илэрхийлж байлаа.

 

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Унгар Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны ажилтнууд, албаны бусад хүмүүс оролцов.

 

 

Shuud.mn
Сонин хачин