Дулааны горим тохируулгын ажил дуусчээ
2017-10-03

 

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 91 хувьтай байгаа бөгөөд төлөвлөгөөний дагуу 10 дугаар сарын 20 гэхэд системийн хэмжээнд бэлтгэл ажил дуусна гэдгийг өнөөдрийн /2017.10.03/ өргөтгөсөн шуурхай хуралдаанаар онцоллоо.

 

“Дарханы дулааны сүлжээ” ТӨХК, “Дулаан шарын гол” ТӨХК-ийн шугам сүлжээний шинэчлэлийн ажил хийгдэж, 10 сарын 5 гэхэд дулааны эрчим хүчээр хэрэглэгчдийг хангахад бэлэн болсон байна. Тус компаниудын дулааны шугам сүүлийн 3 жилийн турш аваарын горимд ажиллаж, өвлийн ачаалал давж чадахгүй хэмжээнд хүрсэн байсан. Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг /2016.11.20/ газар дээр нь ажиллаж, Засгийн газарт асуудлыг танилцуулан шуурхай арга хэмжээ авсны үр дүнд энэ онд шугам сүлжээний шинэчлэл, засварын ажил хэвийн горимоор ажиллаж эхлэхээр болсныг танилцуулав.

 

Нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 15-ны өдрөөс хэрэглэгчдийг дулаанд залгасан бөгөөд “Амгалан дулааны станц” ХХК өчигдрөөс /2017.10.02/ эхлэн халаалтын улиралд оролцож эхэлсэн аж. Системийн хэмжээнд дулааны горим тохируулгын ажил дуусчээ.

 

Шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор дэд станцын өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэж байна. Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил хэвийн, төлөвлөгөөний дагуу явж буйг үйлдвэр, компанийн захирлууд танилцуулав.

 

Эрчим хүчний сайд П.Ганхүү “Харъяа бүх үйлдвэр компаниуд төлөвлөгөөний дагуу өвлийн бэлтгэл ажлыг бүрэн хангасан байх ёстой. Нүүрсний нөөцийг 20 хоногт барьж, өвлийн улиралд болзошгүй аваарь саатлаас урьдчилан сэргийлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх нь чухал. Иргэдийн гаргасан санал гомдлыг сонсож, шуурхай арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй” гэж хуралдааны үеэр онцолж анхаарууллаа. 

Shuud.mn
Сонин хачин