Төрийн эргэлт хийхийг санаархсан цэргүүдийг бүх насаар нь хорино
2017-10-05

Турк улсад өнгөрсөн оны долоодугаар сард хэсэг цэрэг төрийн эргэлт хийхийг санаархаж, нийслэл Анкара болон Истанбул хотноо эмх замбараагүй байдал үүсгэсэн билээ. Энэхүү үйл явдлын улмаас 250 орчим хүн амиа алдсан. Мөн олон тооны хүн ажилгүй болж, 8000 гаруй хүн хоригджээ. Тэгвэл тус улсын Дээд шүүх төрийн эргэлт хийхийг санаархаж, Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг хөнөөхийг завдсан хэмээн цэргүүдийг буруутгажээ. 

 

 

Шүүхээс дээд албан тушаалтай байсан 40 орчим хүнд бүх насаар нь хорих ялаар шийтгэжээ. Төрийн эргэлт гарах үед Ерөнхийлөгч гэр бүлийнхээ хамтаар Мармарис хотноо амарч байсан юм.

 

Тэрбээр цэргийнхний гэнэтийн үйлдлийн талаар албаныхнаас мэдээлэл хүлээн авсныхаа  дараа утсаараа төв телевизээр холбогдож, өөрийн байр сууриа хүргэсэн билээ.  

 

Мөн Ерөнхийлөгчийн буудаллаж байсан зочид буудлыг босогчид эзлэн авахаас урьтаж, тэрбээр зугтаж чадсан юм. Энэхүү үйлдэл нь “Ерөнхийлөгчийн амь насанд санаатай заналхийлсэн үйлдэл” хэмээн шүүхээс үзжээ. “Төрийн энхтайван” гэх цэргийн зөвлөл төрийн эргэлт хийхийг санаархсан бөгөөд эрх баригчид энэхүү бүлэглэлийн  ард АНУ-д оршин суугаа исламын шашны номлогч Фетулла Гулен бий хэмээн мэдэгдэж, түүнийг Туркт хүлээлгэн өгөхийг Вашингтоноос шаардсан юм.

 

Номлогч Туркт болсон асуудалтай ямар ч холбоогүй гэдгээ олон удаа мэдэгдсэн ч Ерөнхийлөгчийн “төрийн эргэлт хийхийг санаархсан” гэх бодлыг өөрчилж чадаагүй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин