Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
2017-10-05

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Нийслэлийн шүүхийн 90 жилийн ойн баярын хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ. Ерөнхийлөгчийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулав.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээндээ:

 

“Эрхэм хүндэт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд аа,

 

Шүүхийн ахмад үеийн төлөөлөгчид өө,

 

Хүндэт зочид оо,

 

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод шүүх байгуулагдсаны түүхт 90 жилийн ойгоо амжилт ололтоор дүүрэн угтаж буй Та бүхэнд баярын мэнд дэвшүүлье.

 

Тэртээ 1927 онд хотын захиргааны дэргэд “Хотын шүүн таслах газар” нэртэйгээр анх байгуулагдсан Нийслэлийн шүүх түүхэн цаг үеийн өөрчлөлт, сорилтыг даван хөгжиж, эдүгээ улсын хэмжээний давж заалдах шатны шүүн таслах ажлын ачааллын ихэнх хэсгийг үүрдэг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон өргөжин тэлжээ.

 

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, соёл урлаг, хөгжил цэцэглэлтийн төв, хүн амын төвлөрөл бүхий хотод хууль ёсыг дээдэлсэн орчныг бүрдүүлэхэд шударга шүүхийн үүрэг нэн чухал. Иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах замаар шударга ёсыг тогтоох эрхэм, хариуцлагатай ажил үүргийг нэр төртэйгөөр биелүүлэхийн төлөө нийслэлийн шүүхийн үе үеийн шүүгч, ажилтнууд ихээхэн хүчин зүтгэл гарган ирснийг тэмдэглэхэд таатай байна.

 

Шүүгч - улс орны эрх ашиг, ард түмний итгэл үнэмшил, хүний хувь заяа, шударга ёс, хуулийн засаглал, нийгмийн сайн сайхны талд шийдвэртэйгээр алх цохих ёстой. Монгол Улсад төрийн албан хаагчдын дундаас төсвийн бие даасан, хараат бус байдал нь зохих хэмжээгээр хангагдаж, ард түмний татвар, төрийн төсвөөс хамгийн өндөр цалин авч байгаа хүмүүс бол төр, ард түмэн, ажил мэргэжилдээ тангараг өргөсөн эрхэм шүүгч нар маань билээ. Ардчилсан нийгмийн үнэт зүйл болох хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах үндсэн хэрэгсэл нь шударга шүүхийн тогтолцоо юм.

 

Шүүхийн шинэтгэлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх, шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдал хангагдаж, хуралдаан болон шийдвэрийн цахим сан бүрдсэнээр шүүхэд олон нийтийн хяналт тогтох, дагнасан шүүх, мэргэшсэн шүүгчээр шүүлгэх, шийдвэрийн чанар дээшлэх үндэслэл бүрэлдэж байна.

 

Аливаа түүхэн ой нь тэмдэглэлт баяр байхаас гадна өнгөрсөн түүхэн цаг хугацаан дахь болон өнөөгийн алдаа оноогоо дүгнэж цэгнэх, ирээдүйн хөгжлийн чиг хандлага, баримтлах бодлого, зорилго, зорилтоо тодорхойлох гурван цагийг холбосон зангилаа, чухал цэг байх ёстой. Цаашид шударга шүүхийн хэм хэмжээг чанд мөрдөн, авлига, улс төржилт, албан тушаалтны нөлөөллөөс ангид, хараат бус, бие даасан байдлыг хэлбэрэлтгүй сахиж, шүүгчийн тангараг, ёс зүйг дээдэлсэн, олон нийтийн хяналт, оролцоонд тулгуурласан, нээлттэй, шударга шүүхийг цогцлоох зорилгынхоо төлөө тууштай ажиллаж, хуулийн засаглал, шүүхийн байгууллагын нэр хүндийг өндөрт өргөж явахыг хүсэн ерөөе.

 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: http://www.president.mn

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
ТАВИН ЖИЛ БОЛСОН МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ РАРИО ТЕЛЕВИЗИЙГ СҮХБААТАРЫН ОДОНГООР ШАГНАСАН НААД ШҮҮХ ЖИН 90 ЖИЛ БОЛЖ БАЙНА ОДОНГООР ШАГНАХГЙ ЮМУУ? ЯАГААД ОДОНГООР ШАГНАХГҮЙ БАЙГАА ЮМ ВЭ? БАЯНГОЛ ДҮҮРГИЙГ ОДОНГООР ШАГНАСАН ШҮҮДЭЭ ЯАГААД ЯЛГАЖ БАЙГАА ЮМ ВЭ?
2017-10-05