Б.Баатарсүх: Томуу төст өвчний тархалт нэмэгдэж байна
2017-10-05

Хүйтний улирал эхлэх гэж буйтай зэрэгцэн ханиад томууны тархалт ч нэмэгдэх хандлагатай байна. Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүхээс тодрууллаа.

 

-Ханиад томуу тархалт одоогоор ямар байна вэ?

 

-Өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр нийслэлийн хэмжээнд амбулатороор үйлчлүүлэгчдийн 4.3 хувь нь томуу болон томуу төст өвчтэй хүмүүс байна. Ерөнхийдөө энэ тоо дөрвөөс дээш болсон тохиолдолд тархалт нэмэгдсэнд тооцдог. Эндээс томуу болон томуу төст өвчний тархалт нэмэгдэж байна гэж дүгнэж болно. Мөн дээрх үзүүлэлтийн 84 хувийг 0-9 насныхан эзэлж байна.   

 

-Хүйтрэхээр энэ тоо эрс нэмэгдэнэ. Харин ханиад хүндрээд эмнэлэгт хэвтэх тохиолдолд орны хүрэлцээ хэр байгаа вэ?

 

-Эрүүл мэндийн байгууллагаас орны зохицуулалт хийж байгаа. Зарим дүүрэгт хүүхдийн орыг нэмэгдүүлсэн. Тухайлбал, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд хүүхдийн 60 ор нэмсэн. Мөн энэ ондоо багтан ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Налайх дүүхгийн Эрүүл мэндийн төв хүүхдийн 100 гаруй ортой байна.

 

-Одоогоор томуугийн аль хэлбэрийн тархалт их байна вэ?

 

-Ханиад томуу гэж ярьдаг ч томуугийн вирус идэвхжээгүй байгаа. Бидний яриад байгаа нь амьсгалын замын халдварт өвчин буюу томуу төст ханиад. Энэ нь RSV вирус болон рино, энтер, H томуугаар үүсгэгддэг. Энэ төрлийн томуу төст өвчин нь намар, хаврын улиралд их тохиолддог. Жинхэнэ томуугийн вирус буюу H3N2 нь арванхоёрдугаар сараас хоёрдугаар сард идэвхждэг. Тиймээс иргэд маань өөрийгөө болон гэр бүлээ амьсгалын замын өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

 

-Урьдчилан сэргийлэх энгийн аргаас сонирхуулахгүй юу?

 

-Хамгийн эхэнд сэрүүний улиралд тохируулан хувцаслах хэрэгтэй. Ханиад томуу ихэсч байгаа үед хүүхдээ олон нийтийн газар явуулахгүй байх. Хэрэв олон нийтийн газраар явах шаардлага тулгарвал хүүхдэдээ амны хаалт зүүлгэж хэвших нь зөв. Мөн хүн амьдралынхаа ихэнх хугацааг гэр болон ажил дээрээ өнгөрүүлдэг. Тиймээс  гэр болон байгууллагын агаар эрүүл байх шаардлагатай. Тоос, тоосонцор зэрэг агаар бохирдуулах элемент байлгаж болохгүй. Тиймээс чийгтэй цэвэрлэгээ байнга хийж, боломжтой бол хоёр цаг тутамд агаар солбилцол хийх нь зохимжтой. Түүнчлэн зохиомлоор агаар чийгшүүлдэг, цэвэршүүлдэг аппарат байрлуулах нь тохиромжтой. Үүнээс гадна дархлаагаа сайн байлгах хэрэгтэй.

 

-Нэмэлт бэлдмэл хэрэглэлгүйгээр дархлаагаа хэрхэн сайжруулах вэ?

 

-Дархлаа сайжруулалт чанартай, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэхээс эхэлнэ. Мөн биен тамираар хичээллэх. Хөдөлгөөнтэй байх. Түүнчлэн ажил, амралтынхаа цагийг тохируулах. Хэт ачаалалтай ажиллаж, ядрахгүй байх нь чухал. Ханиад томуугаас урьдчилан сэргийлэх бас нэгэн чухал арга нь гараа тогтмол угаах. Амьсгалын замын болон бусад өвчин гараар дамжин халдварлах нь их байдаг.

 

-Томуугаас урьдчилан сэргийлэх нэг арга нь томуугийн эсрэг вакцин хийлгэх. Тус вакциныг хийлгэхээр бол хаана хандах вэ?

 

-Томуугийн вакциныг Халдварт, өвчин судлалын үндэсний төвийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад хийдэг. Гэхдээ одоогоор улсын төсвөөр санхүүжүүлэн хийдэг уг вакцин хараахан ирээгүй байгаа ч энэ сардаа багтаад ирчихнэ. Томуугийн вакциныг эрсдэлт бүлэг буюу 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, уушгины архаг үрэвсэлтэй хүн зайлшгүй хийлгэх шаардлагатай. Мөн томоохон хувийн эмнэлгүүдэд уг вакциныг хийж байгаа.

 

Р.Дулам

 

Shuud.mn
Сонин хачин