Орос цэргүүдийг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглов
2017-10-06

ОХУ-ын Батлан хамгаалах яамны удирдлагууд цэргийн албан хаагчдыг селфи зургаа авах, нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох тухай хуулийн төслийг боловсруулсан тухайгаа нийтэд мэдэгдлээ.

 

 

Цэргийн алба хааж буй цэргийн албан хаагчдын аюулгүй байдлын үүднээс тэднийг алба хаах, цэргийн ажиллагаанд оролцох үедээ өөрсдийнхөө зургаа дарж, улмаар нийгмийн сүлжээндээ нийтлэхийг хориглохоор төлөвлөж буй гэнэ.

 

“Цэргүүдийн нийгмийн сүлжээндээ нийтэлсэн зураг болон видео бичлэгүүд нь сөргөлдөгч талуудад ашигтай мэдээлэл өгч байна” хэмээн албаныхан үзэв.

 

Ихэвчлэн Сири болон Украинд алба хааж буй цэргүүд нийгмийн сүлжээг идэвхтэй хэрэглэж байгааг тогтоожээ. Цэргүүд цэргийн ажиллагаанд оролцож байхдаа зэр зэвсгийн зураг, цэргүүдийн зураг болон байлдааны ажиллагаанд ашиглаж буй машины зураг гэх мэт Батлан хамгаалахын нууцад хамааралтай мэдээллүүдийг нийгмийн сүлжээгээрээ шууд цацах нь ихэссэн аж. 

 

Жишээлбэл, 2014 оны долдугаар сард Британийн "BBC"-гийн сэтгүүлч Мирослава Пеца Украин дахь босогчид руу пуужин тээвэрлэж яваа зургаа оруулсан  орос цэргийн постыг твиттерээр дамжуулсан юм. Тэр постоос болж Украин болон барууны хэвлэлүүд ОХУ-ыг босогчдод зэвсэг нийлүүлсэн гэж буруутгасан билээ. 

 

Энэ мэт нууцын зэрэглэлтэй материалуудыг цэргүүд ямар ч хаалтгүйгээр нийгэмд хүргэж байгаа нь эрх баригчдын дургүйцлийг хүргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин