Нобелийн эзнээр хэн хэн тодров
2017-10-09

2017 оны Нобелийн шагналын эздийг танилцуулж байна. Энэ жилийн шагналын эзэд 1.1 сая ам.долларыг хүртэх юм. Шагналын мөнгө өнгөрсөн жилтэй харьцуулахад таван хувиар нэмэгдсэн гэнэ.

 

Энхтайвны шагналын эзэн тодорлоо

 

 

Энэ жилийн Энхтайвны шагналын эзнээр “Цөмийн зэвсгийг устгах олон улсын аян” (ICAN) байгууллага хүртсэн байна. Тус байгууллагын “цөмийн зэвсгийг устгах олон улсын гэрээ”-г хэрэгжүүлэхэд оролцсон хувь нэмрийг нь үнэлэн ийнхүү Энхтайвны шагналыг гардуулсан талаар Норвегийн Нобелийн шагналын Зөвлөлөөс мэдэгдэв.

 

Тус зөвлөлийн дарга Бэрит Рэйс-Андэрсэн шагналыг тус байгууллагат гардуулан өгөхдөө “Олон улс цөмийн зэвсгээс салах цаг ирсэн. Та бүхний оролцоо энэхүү ажилд ихээхэн туслалцаа үзүүлсэн билээ” гэж хэлжээ. Энхтайвны шагналын төлөө нийт 318 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 215 нь хувь хүн, 103 нь байгууллага байжээ.

 

Казуо Ишигуро Нобелийн шагналтан боллоо

 

 

Япон гаралтай, Их Британийн зохиолч Казуо Ишигуро энэ жилийн Утга зохиолын салбарын Нобелийн шагналтан болсон юм.

 

Казуо Ишигурогийн “The Remains of the Day”, “Never Let Me Go” зэрэг бүтээл нь дэлгэцийн бүтээл болсон бөгөөд сүүлд гаргасан хоёр ч ном нь борлуулалтаараа олон улсад тэргүүлээд буй юм. Өдгөө 62 настай Казуо нийт найман ном хэвлүүлсэн бөгөөд түүний бүтээлүүдийг дэлхийн 40 хэлнээ орчуулжээ.

 

Зохиолч эрд утга зохиолын салбарын Нобелийн шагналтан болсныг Британийн хамгийн том хэвлэлийн агентлаг “BBC” агентлагийн ерөнхий продюссер анхлан мэдэгдэж, хэвлэлээр энэ тухай мэдээлжээ.  Шагналаа гардан авсан зохиолч хэвлэлийнхэнд “Намайг Нобелийн эзэн болсон хэмээн “ВВС”-ээс хэлэхэд би итгээгүй. Миний цаасан дээр бичсэн мөртүүд хүмүүст ийм хүчтэй сэтгэгдэл төрүүлнэ хэмээн төсөөлж байсангүй” гэж хэлэв. Тэрбээр 1954 онд Японы Нагасаки хотод мэндэлсэн бөгөөд түүнийг таван настай байхад нь гэр бүл нь иргэншлээ сольж, улмаар Британийн иргэд болцгоосон байна.

 

Гурван улсын эрдэмтэн Нобелийн эзэн болжээ

 

 

Электрон микроскопыг боловсронгуй болгосон Швейцарийн Лозаннийн их сургуулийн эрдэмтэн Жак Дюбоше, АНУ-ын Колумбын их сургуулийн эрдэмтэн Иоахим Франк болон Их Британийн Кэмбрижийн их сургуулийн молекул, биологийн лабораторийн судлаач Ричард Хендерсон энэ жилийн Нобелийн Химийн шагналын эзэд болцгоолоо.

 

Эрдэмтдийн бүтээсэн крайо-электрон микроскоп нь био молекулуудыг хөлдөөх замаар хөдөлгөөн, бүтцийг нь судлах боломжийг судлаачдад гаргаж өгч, хугацаа хэмнэх боломжийг нээсэн аж.

 

Анагаахын салбарын Нобелийн эзнээр АНУ-ын эрдэмтэд болов

 

 

2017 оны Физиологи болон анагаах ухааны салбарын шагналын эзнээр хүний хоногийн ритмийг судалсан АНУ-ын Жеффри С.Холл, Майкл Росбаш болон Майкл В.Янг нар хүртжээ.

 

Эрдэмтэд “Гайхалтай. Энэ шагналын эзэн болно хэмээн төсөөлж байсангүй. Бидний хийсэн өчүүхэн зүйлийг өндрөөр үнэлсэнд талархаж байна” гэж мэдэгдэв.

 

Америк эрдэмтдийн баг хүний бие организм дахь циркад хэмнэлийг тодорхойлогч молекул механизмын ажиллагааг нээн судалгаа явуулжээ. Энэхүү нээлтийн тусламжтай эрдэмтэд хүний организм дахь биологийн цагийг судлан нээж, ажиллагааг нь тайлсан байна. Энэхүү нээлт хүн, ан амьтад, ургамал зэрэг амьд биетүүд өдөр, шөнийн цаг тооллын явцад хэрхэн дасан зохицож, организм амьдарч байдгийг тайлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
1:
Нобелийн эзэн байхдаа яахав дээ. Ичиж үхлээ.
2017-10-09