“ФИБА 3х3-ААШТ”-д оролцох багууд тодорлоо
2017-10-10

 

ФИБА 3х3 насанд хүрэгчдийн Азийн Цомд оролцох багуудыг зарлалаа. Эрэгтэй 15 эмэгтэй 12 баг оролцохоор мэдүүлгээ өгөөд буй уг тэмцээн 10 сарын 27-оос 29-нд Улаанбаатар хотноо болох юм.

 

Аваргаа хамгаалагч Катарын шигшээ багийн хувьд уг тэмцээний гол фаворитууд болох Шинэ Зеланд, Австралийн багуудтай хэсгийн тоглолтоо хийх зураглалтай байна. Учир нь чансаа өндөр 9 баг нь уг тэмцээний хэсгүүдэд шууд орж байгаа бол үлдсэн 6 баг нь урьдчилсан шатны хасагдах хэсгүүдэд гурав гурваараа хуваагдаж тоглох юм. Улмаар эндээс эхний урьдчилсан шатны хэсгийг тэргүүлсэн нэг баг нь үндсэн “В” хэсэгт орж тоглох бол урьдчилсан шатны нөгөө хэсэгт эхний хоёр байранд орсон багууд нь С, Д хэсгүүдэд орж тоглохоор байна.

 

Тиймээс урьдчилсан шатны эхний хэсэгт багтсан Австрали, Туркменистан, Малайз улсын багуудаас Австралийн баг цааш шалгарч Шинэ Зеланд, Катарын багуудтай үндсэн хэсэгт орж тоглох хамгийн өндөр магадлалтай гэж судлаачид үзэж байна.

 

Харин манай багийн тухайд Японы баг болон Бахрейн улсын багуудтай учраа таарах юм. Уг хэсгийн гол өрсөлдөөн Япон болон манай багуудын хооронд болох магадлалтай.

 

Харин С хэсэгт урьдчилсан хэсгийн Тайвань, Энэтхэг, Ливан гэсэн гурван орны багийн хэсгээ тэргүүлсэн баг нь орж тоглоно. Тэнд Казахстан, Шри Ланкын багууд хүлээж байгаа юм.

 

Тэмцээний сүүлийн хэсэг болох Д хэсэгт БНХАУ болон Киргизстаны багууд байгаа юм. Уг хэсгийн нэг багийн дутууг дүүргэх баг нь урьдчилсан хэсгийн 2 дугаар хэсэгт багтсан гурван багаас хэсэгтээ хоёрдугаар байранд орсон баг байх болно.

 

Харин эмэгтэй багууд 12 болж тоо тэгширсэн байгаа учраас урьдчилсан тоглолт байхгүй гэж ойлгож болно.

 

Уг тэмцээн дээр дурьдсан ёсоор 10 сарын 27-оос 29-ний хооронд “Crocus Event Hall”-д болох юм.

 

Б.Энх-Амгалан

 

 

Shuud.mn
Сонин хачин