“Самсунг”-ийн гүйцэтгэх захирал огцрохоо мэдэгдлээ
2017-10-13

Өмнөд Солонгосын  “Самсунг” компанийн гүйцэтгэх захирал Квон О Хюн өнөөдөр огцорч буйгаа олон нийтэд хандан мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 “Самсунг” компанийн гүйцэтгэх захирал Квон О Хюн

 

Квон О Хюн ирэх 2018 оны гуравдугаар сард гүйцэтгэх захирлын албан тушаалаа хүлээлгэн өгч, мөн тус компанийн захирлуудын зөвлөлийн дэд даргын суудлаас огцрох гэнэ.

 

Тэрбээр “Би энэхүү шийдвэрийг гаргахын тулд их удаан бодсон. Миний шийдвэр зөв хэмээн итгэсэн учир өнөөдөр энэ талаар та бүхэнд дуулгаж байна. Олон жилийн түүхтэй “Самсунг” өмнө нь хэзээ ч байгаагүй дотоод хямралтай нүүр тулаад байгаа. Мөн дэлхий ертөнцөд хурдацтай өөрчлөгдөж буй “IT” салбарыг илүү хөгжүүлэхийн тулд би өөрийн эрх мэдлээ залуу боловсон хүчинд шилжүүлэн өгөх хүсэлтэй байна. Өөрчлөгдөж буй дэлхий ертөнцтэй нүүр тулахад бид бэлэн байх ёстой” гэж хэлжээ.

 

Гүйцэтгэх захирлыг цохон тэмдэглэсэн “дотоод хямрал” гэдэг нь “Самсунг” компанийн өв залгамжлагч Ли Жэ Ёны Ерөнхийлөгч асан Пак Ын Хэд өгсөн гэгдэх авлигын дуулиантай холбоотой хэмээн орон нутгийн хэвлэлийнхэн үзэж байна.

 

Ли Жэ Ёныг авлига өгсөн хэмээн буруутгаж, шүүхээс таван жилийн хорих ял оноосон билээ.

 

Квон О Хюн нь 1985 онд “Самсунг” компанид ажилд орж, 2012 оны долоодугаар сард тус компанийн удирдах зөвлөлд багтаж, улмаар гүйцэтгэх захирлаар томилогдсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин