Би С.Зоригийн амийг хохироосон хэргийг ил болгоно

Хуульзүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХЗДХ-ийн сайдаар Ц.Нямдоржийг томилох танилцуулгыг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлсэн юм. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хуулийн завхрал, оффшор, "60 тэрбум" болон С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар ямар байр суурьтай байгаа, хэрхэн шийдэх асуултад Ерөнхий сайд болон нэр дэвшигч хариуллаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
Монгол төр хууль бус зүйлд өвдөг сөхрөх ёсгүй. Ний нуугүй хэлэхэд эрхэм гишүүд та бүхэн маань ч гэсэн айдастай амьдардаг. Өөрийн бодсон санасан зүйлээ хэлж чаддаггүй. Энэ бүхний төлөө сэтгэл санаа нийлж ажиллана гэдгээ хэлэхийг хүсч байна.
Хууль тогтоомж зөрчсөн асуудалд хуулийн дагуу хичээн ажиллах болно. Надаас болон манай Засгийн газрын гишүүдээс хэзээ ч хууль бус юм битгий хүсээрэй.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх газар нь АТГ. Нийгэмд эцэслэн үгээ хэлэх ёстой. АТГ ажлаа хийхэд цагдаагийн байгууллага оролцох шаардлагатай бол бололцоог нь хангаж өгнө. Оффшорын асуудлаар үнэн худлыг нь тухайн хүмүүс өөрсдөө хэлэх хэрэгтэй. Улс төрчийн хувьд өөрийн санааа оноогоо хэлж явна. Данс нээлгээд орхисон бол үнэнээ хэлчих хэрэгтэй.
С.Зориг агсны амь нас алдсан хэргийн талаар би байдаг бүх зүйлээ хийсэн. Надад ямар ч тоймтой хариулт өгөхгүй зувчуулаад байна. Би очоод энэ хэргийн нууцлалыг ил болгох талаар ажил хийнэ. Ажлын хэсгийг өөрчлөх ёстой гэж бодож байна. Төр, ард түмнээс нуух шаардлага байхгүй. Захиалагч байхгүй байхад захиалгаар алсан гээд байгаа хүмүүсийг захиалагчийг нэн хурдан хэлэхийг шаардана.
Одоогийн Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор байгаа цагт юм хэцүү шүү. Муухай муухай хуйвалдаан явагдаж байж энэ хэргийг таслуулсан. Энэ замбараагүй явдлыг таслан зогсоох ёстой гэж бодож байна. Чадал хүрэхгүй байж болно. Гэхдээ хүргэх гэж оролдоно.
Бүтэн жил Булганыг хорьчихоод гэрч ч биш хохирогч ч биш болгож байна. Би Х.Баттулгыг Ерөнхийлөгч болоход орж уулзсан. Энэ хэргийг ил болгох шаардлагатай гэсэн. Гэтэл шүүх хурлыг нээлттэй гэж зарлачихаад эхлэнгүүт нь хааж байна. Тиймээс би С.Зоригийн амийг хохироосон хэргийн захиалагчийг ил болгохыг шаардана.
Хуулийн байгууллагын ажилд завхрал нэлээн гарсан. Би эхлээд завхралыг маш хурдан хугацаанд дуусгана гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
-Хууль хяналтын байгууллагынхан бизнесийнхнийг их түлхсэн. Бизнесийг нь булааж авдаг болсон. Энэ нь гаднын хөрөнгө оруулагч руугаа хальж байна. Урд хөршийн хөрөнгө оруулагчид Монголд орж ирэхээсээ айж байна. Юмаа булаалгадаг. Өмнө нь гэмт хэрэгтнүүд хийдэг байсан зүйлийг хуулийнхан хийж байна.
УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ:
-Ямар ч тохиолдолд шударга ёсыг тогтоох асуудал чухал. АН-ын даргын хувьд шударга ёсыг тогтоохын төлөө ажиллана. УИХ өнөөдөр төрийн эрх барих дээд байгууллага. УИХ-ын төвшинд асуудлыг ярих ёстой. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг ил болгож, захиалагчийг нь зарлахыг хүсч байна. "60 тэрбум"-ын асуудлыг ч мөн нэг мөр ойлголттой болгох хэрэгтэй.
Ингээд ХЗДХ-ийн сайдад Ц.Нямдоржийг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ