Эрх баригчид амбицаа дарж, Засгаа шаардаж ажиллаасай
2017-10-23

 

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн шинэ Засгийн газар үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэллээ. Энэ УИХ-д үнэмлэхүй олонхи суудалтай эрх баригч МАН-ын “тоолол”-ын хоёр дахь Засгийн газар. У.Хүрэлсүхийн Засгийн газар МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийгмийн шударга ёсыг сэргээж, үнэнийг баримталж ажиллана гэдгээ давтан давтан хэлсээр томилогдлоо. 


Улирлын онцлогоос шалтгаалан Засгийн газрын анхны хуралдаанаа өргөтгөсөн байдлаар хийж,  өвөлжилтийн бэлтгэл ажил, явц, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар олон нийтэд нээлттэй  хуралдлаа. 


Эдүгээ шинэ Засгийн газарт өвлийн бэлтгэлийг хангахаас эхлээд өмнө хийж, хэрэгжүүлэх ажил их бий. Цаг үеийн асуудлаас гадна намрын чуулганаар батлуулах энэ оны төсвийн тодотгол, ирэх оны улсын төсөв, эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэл, мөнгөний бодлого гээд хуулийн хугацаатай  төслүүд ч хүлээгдэж байна. 


Энэ оны төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэх батлах нийгмийн хүлээлт бий. Төсвийн тодотгол батлагдсанаар наанадаж  найман сараас хойш олгогдоогүй хүүхдийн мөнгөө авч, өрхийн хэрэглээний асуудлаа зохицуулах өрх айл олон.  


Цаашлаад багш, эмч нар цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа.  Сайд нар томилогдох үед салбар салбартаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээ хэлж байсан.  Тухайлбал, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэх асуудалд хамгийн түрүүн анхаарал хандуулж, судлахаа мэдэгдэж байсан.  БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа энэ асуудлаар “багш нарын цалинг 95 хувь нэмэх боломжтой” гэж үзжээ. 


Хэрвээ багш, эмч нарын цалинг нэмвэл тэтгэвэр, тэтгэмжийг ч нэмэх шаардлагатай тулна. Учир нь  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх тэтгэмж авдаг, авдаг  тэтгэвэр нь амьдралд хүрэлцдэггүй нийгмийн хэсэг бий. Тэгээд ч тэтгэвэр, тэтгэмж байтугай авдаг цалин ч амьдралд нь хүрэлцэхгүй бол эмч, багш нар шаардлага тавьж байгаа  нь зүй ёсны үйлдэл. 


Харин өмнөх АН-ын Засгийн газрын үеийнх “хүүхдийн мөнгө”-ний хэмжээтэй нэмэгдэл төсөвлөчихөөд цалин нэмлээ гэж цуураад байвал нийгмийн эсэргүүцэлтэй тулах нь тодорхой. Нөгөөтэйгүүр цалин нэмсэнтэй зэрэгцээд өргөн хэрэглээний бараанаас эхлээд бараа таваарын үнэ өсдөг жишиг ард хоцорсон гэж найдъя. 


Учир нь шинэ Засгийн газар байгуулагдаад цалин нэмэгдэнэ гэсэн итгэл, найдвар нийгэмд бий. Гэхдээ Ерөнхий сайд болоод Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хүүхдийн мөнгийг ирэх оноос бүх хүүхдэд биш эмзэг бүлгийнхэнд олгоно гэж байгаа. Ямартай шинэ Засгийн газар ОУВС-тай дахин хэлэлцээрт орно. Энэ үеэр өмнөх Засгийн газрын үед хийгдсэн гэрээнд зарим нэг өөрчлөлт орж магадгүй, гэхдээ нэлдээ биш. 


Ирэх онд төлөгдөх өр, зээлийн хүүнээс  эхлээд эдийн засагт ирсэн эерэг дохионы хөрсийг хадгалахын тулд Засгийн газар ОУВС-гийн зүгээс тавих шаардлагыг хүлээн авч, дараагийн ээлжинд орж ирэх санхүүжилтээ авахаас өөр гарц үгүй. 


Нөгөөтэйгүүр уул уурхайгаас  гадна дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарахыг Ерөнхийлөгчөөс эхлээд парламенчид ч гүйцэтгэх засаглалдаа сануулах, шаардахын завсар дахин дахин анхааруулж байгаа. 


Ямартай ч улирлын онцлогоос шалтгаалсан ид ажлын үеэд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдан, үйл ажиллагааагаа эхлүүллээ.  Ирэх сард  их хурлаа хийж, МАН-ын даргаа сонгох эрх баригчид улстөржилтөө хойш тавьж, албан тушаалын амбицаа дарж,  шинэ Засгаа шаардаж, шахаж ажиллуулаасай билээ. 


Ирэх жилүүдэд төр төвшин, түмэн олон амгалан байг. 

Н.Энхлэн 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
huinegdel shig ajilah yumaa
2017-10-23
zochin:
Daraagiin eelj hoolond beltgej baigaarai.
2017-10-23
zochin:
Ardiin nam sain ajilnaa . amjilt
2017-10-23