200 гаруй албан хаагч 2 уулчныг хайж байна
2017-10-25

Отгонтэнгэр ууланд авиралт хийсэн 27 хүний 17 нь цасан нурангид өртөж сураггүй болоод байсан.  Тэдний 14 нь цасан нурангид дарагдаж, амиа алдсаныг онцгой байдлын албан хаагчид олж, цогцсыг Улаанбаатар хотод тээвэрлэн авчраад байна. Хамгийн сүүлийн мэдээгээр өнөөдөр 10.05 цагт нэг хүний цогцсыг олсон байна. Одоо аврагчид хоёр хүнийг үргэлжлүүлэн хайж буй юм. Нөхцөл байдлын талаар онцгой байдал болон цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Цогцос таниулах ажиллагаа дуусчээ

 

2017 оны 10 дугаар сарын 24-ний байдлаар 14 хүний цогцсыг олоод буй. Тэдний цогцсыг өчигдөр нисдэг тэргээр Улаанбаатар хотод тээвэрлэж авчирсан юм. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд цогцсыг таниулах ажиллагаа хийгдэж дуусчээ. Мөн хэргийн газраас олдсон 16 ширхэг үүргэвч, тухайн үүргэвчинд байсан 355 эд зүйлсийг ар гэрт нь хүлээлгэн өгөхөд бэлэн болсныг цагдаагийн байгууллагын төлөөлөл хэлж байна.

 

Аврах ажиллагаа хүндэрч байна

 

Өнөөдөр өглөөний 07.50 цагт эрлийн ажиллагааг эхлүүлсэн байна. Эрлийн ажиллагаа хүндрэлтэй нөхцөл байдалд ороод буйг онцгой байдлын байгууллагаас мэдээлж байна. Хадан хясаа 200 м өндөр, хясаанаас доош цасан нуранги 800 м газарт тархсан. 800 м урт, 200 м өргөнтэй талбайд эрэн хайх ажиллагааг явуулж буй мэдээллийг газар дээрээс нь өгчээ.

 

2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 10 хүний цогцсыг 1-1.5 метрын гүнээс олсон. Тухайн иргэдийн эд зүйлс цухуйсан, биеийн аль нэг хэсэг нь ил харагдаж байсан аж. Харин өчигдөр дөрвөн хүний цогцсыг метал хайгчийн тусламжтайгаар олсон байна. Дээшлэх тусам цасан овоолго маш их болж, цас зузаарч, мөстсөн байдалтай байгаа аж. Цасыг ухахад хүндрэлтэй байгааг аврагчид дамжуулжээ.

 

Эрэн хайх, аврах ажиллагаанд онцгой байдлын байгууллагын мэргэжлийн аврагчид ажиллаж байна. Мөн мэргэжлийн уулчид дэмжлэг үзүүлэн ажиллаж буй юм. Цагдаагийн байгууллагын тусгай албан хаагчид мөн газар дээр нь ажиллаж байна. Өнөө өглөөний мэдээгээр 200 гаруй албан хаагч, 30 гаруй техник хэрэгсэл, хоёр нисдэг тэрэгтэйгээр ажиллаж буй. Хүн хүч, техник хэрэгслийн хувьд дутагдах зүйлгүй гэдгийг Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг хэлэв.

 

Эрлийг зогсоох шийдвэрийг штаб гаргана

 

Өнөө оройноос эхлээд цаг агаарын таагүй үзэгдэл болно гэсэн мэдээллийг цаг уурын байгууллагаас өгсөн. Маргаашнаас эхлээд баруун аймгуудын уулархаг нутгаар цас орж, цасан шуурган болж, салхи 18-20 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө -4-9, шөнөдөө -14-19 хэмийн хүйтэн байх төлөвтэй байна. Тиймээс өнөөдөр эрлийн ажиллагааг шуурхайлж байгааг Ц.Ганзориг хурандаа хэллээ.

 

Цаг агаар хүндэрч, эрэн хайх аврах ажиллагаа явуулах боломжгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүсвэл эрэн хайх ажиллагааг зогсооно. Гэхдээ газар дээр нь ажиллаж байгаа шуурхай штаб эрлийг үргэлжлүүлэх болон зогсоох шийдвэрийг гаргана.

 

Эсэн мэнд үлдсэн 10 иргэн өчигдөр 14.30 цагт өөрсдийн машинаар Улаанбаатар руу хөдөлсөн аж. Өчигдөр 23 цагийн үед тэд Архангай аймгийн Тариад суманд хоноглож байгаагаа мэдээлжээ.

 

Б.Энэрэл

 

Shuud.mn
Сонин хачин