Төрийн албан хаагчдын бодит цалин буурсан

Энэ оны төсвийн тодотголыг УИХ хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүйгээр нэг удаагийн тэтгэмж олгох гэж байна. Энэ зөв шийдэл үү?
-ХНХЯ-нд энэ асуудлаар гурван талт хэлэлцээр хийгдэж байгаа. ЭМ-ийн сайд, БШСУС-ын сайд, ХНХ-ын сайд нар тодорхой мэдээлэл өгөх биз.
-Цалин нэмэх жагсаалт цуглаан зохион байгуулж байгаа энэ үед бэлэн мөнгө тарааж байгаа нь хэр зохистой вэ?
-Цалин, тэтгэвэр ч бэлэн мөнгө. Одоо гурван талт хэлэлцээрийн дүнг хүлээж байна.
-Ирэх онд цалин нэмэхгүй гэсэн үг үү?
-Цалин нэмэх асуудал гурван талт хэлэлцээрээр явагдана. 2014 оноос хойш цалин нэмэгдээгүй. 2014 онд ам.доллар 1400 байсан. Гэтэл өнөөдөр 2500 төгрөг болсон. Үнэ ханш 40 орчим хувиар нэмэгдсэн байна. Энэ мэт үндэслэлүүдээс болоод төрийн албан хаагчдын бодит цалин буурсан. Тиймээс гурван талт хэлэлцээрийн дүнг хүлээж байна. Үүн дээр үндэслэж шийдэгдэнэ.
-Төсвийн тодотголоор энэ онд эдийн засгийн өсөлтийг 3.3 хувь байхаар тооцсон байсан. Хэр бодитой вэ?
-Бодитой тооцоолол, энэ оны улсын төсөвт ч эдийн засгийн өсөлтийг 3.3 хувиар тооцсон байсан. ОУВС-тай тохирсон хөтөлбөрийн хүрээнд -0.2 гэж тооцсон байсан.
-Бонд гаргахаар ярьж байна. Өрийн тааз хэр өндөрсөх бол?
-Бонд гаргах ажил намайг Сангийн сайдаар очихоос өмнө яригдаад эхэлсэн байна лээ. Энэ хүрээнд хийгдэж байна.
-ОУВС-тай ямар хэлэлцээр хийгдэж байна вэ?
-Хэлэлцээр хийгдээд явж байгаа. 2018 оны төсөв, 2017 оны тодотголтой холбоотой яриа явагдаж байна.
-ОУВС-гийн дараагийн санхүүжилт хэзээ орж ирэх вэ? 10 дугаар сард гэж байсан.
-Төсвийн тодотгол яаж батлагдах вэ? 2018 оны улсын төсөв ОУВС-тай тохирсон хэмжээнд батлагдаж чадах уу гэдгээс дараа дараагийн төслүүд яригдана.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ