Монголбанк 1.7 тэрбум ам. долларын валютын нөөцтэй байна
2017-10-26

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан гишүүдийн асуултад хариулж байна.

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

 

Монголбанк төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг субъект. Заавал ашигтай ажиллах албагүй. Хамгийн гол нь тэнцвэрээ барьж ажиллах хэрэгтэй. Өмнө нь хууль бус үйл ажиллагааны улмаас алдагдалд олсон. Он  дуустал үйл ажиллагаа нь хэр явах бол?

 

-Ирэх 2018 оноос ашигтай ажиллахыг зорьж байна. 2017 онд алдагдлаа бууруулна. УИХ шийдвэр гаргаад, Засгийн газар баталвал Төвбанкны алдагдлыг хааж болох юм билээ, хуулиараа. Эхний хагас жилийн байдлаар Монголбанк ашигтай ажилласан. Монголбанк алдагдалгүй байх зорилт тавьж ажиллаж байгаа. Голомт банктай ямар нэг ашигтай гэрээ хэлцэл хийгээгүй. Урьд нь байгуулсан 100 сая ам.долларын гэрээний хугацаа дууссан.  Ер нь арилжааны банкуудтай хуулийн дагуу гэрээ байгуулан ажиллаж байгаа.

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

 

-Иргэдэд олгох арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах тал дээр хэрхэн ажиллах вэ? Бизнес эрхлэгчдийн итгэлийг дээшлүүлэх нь Монголбанкны гол үүрэг юм.

 

-Монголбанк өөрөө хууль санаачлах эрх байхгүй. Хууль тогтоогч нартай хамтарч ажилладаг. Ойрын хугацаанд Банкны тухай хуулийн төсөл өргөн барина. Ингэхдээ зээлийн хүү, хадгаламжийн зээлийн хүүний тал дээр анхаарч байна. Бизнес эрхлэгчдийн итгэлийг сэргээхийн тулд нөхцөл байдлыг бодитоор нь хэлж, өөрсдөө шийдээ гаргахад нь чиглүүлье гэсэн байр суурьтай байгаа.

 

Валютын ханшийн тухайд одоо зоригтой ярьж болж байна. Өнөөдрийн тухайд нэг тэрбум 750 ам. долларын валютын нөөцтэй  байна. Оны төгсгөлд 2 тэрбум орчим тэрбум ам.долларын валютын нөөцтэй болно.   Бид өнөөдөр сайхан мэдээтэй байна. Олон улсын зах зээлээс 5.8 тэрбум ам.долларын  Монгол Улсын бонд авах хүсэлт орж ирсэн. Үүнээс бид 800 сая ам.долларын бонд босгосон. 

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

 

-Мөнгөний бодлогыг батлаад 20 гаруй жил болж байна. Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж мөнгөний бодлогоо гаргах хэрэгтэй. Тухайлбал, валютын ханш хэрэглээ өндөртэй оронд чанга байх ёстой. Валютын зээл авсан компаниуд байдаггүй. Хариуцлага хүлээх асуудал байдаггүй.Төсвийн орж ирж байгаа үзүүлэлтийг үнэн үү, худал уу гэдгийг эрдэмтдийн зөвлөлөөр шийдэх хэрэгтэй. Ийм зүйл байхгүй болохоор Монголын эдийн засгийг сулруулж байна. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Б.Бямбасайхан:
Баяртсайхан Увс Г и ч и й Халхын албанаас зайлдаа
2017-10-26