Тагнуулын байгууллагын дараагийн дарга хэн бэ

Өнгөрч буй долоо хоногийн шуугиант мэдээ нь Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц нарын харилцан мэдэгдэл байлаа.
С.Зоригийн тухай тагнуулын байгууллагаас мэдээлэл хийнэ гэсэн зартай үйл явдал хуульзүйн салбарынхны жийлцэл болж хувирсан юм. Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц "Цэндийн Нямдорж" гэдэг хүн хэмээн овог нэртэй нь тодотгож, хуульзүйн сайдыг С.Зоригийг хэргийн илрүүлэлтэд саад учруулдаг, Эрдэнэтэд их хэмжээний шахаа хийдэг гэх мэдээллийг өгөв. Харин түүний энэ үйлдлийг Ц.Нямдорж "Зул бөхөхийнхөө өмнө бадамлаж буй" үйл явцтай зүйрлэж, ихээхэн доог тохуутай хандсан.
Шинэ Засгийн газрын халаа сэлгээ ингэж Хуульзүйн салбараас эхэлсэн юм. Цагийн дотор халаа сэлгээ хийнэ гэж бардамнасан Хуульзүй, дотоод хэргийн сайд хамгийн эхэнд Цагдаагийн Ерөнхий газрын даргыг солив. Ө.Энхтөр хурандаагийн оронд Хууль сахиулахын их сургуулийн захирал С.Баатаржавыг цагдаагийн байгууллагын удирдлагаар томилж, тамгыг нь атгуулав. Засгийн газраас цагдаагийн экс дарга Ө.Энхтөрийг “өөр ажилд шилжсэн” хэмээн тайлбарласан ч хаана очсон нь одоогоор тодорхойгүй.
Халаа сэлгээнд өртөх дараагийн хүн нь Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц байх нь ойлгомжтой. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дээр Б.Хурцыг дагуулан орж, “энэ нөхрийг явуул” гэж хэлж байснаа ярьсан. Тэгэхээр энэ удаа Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Ерөнхий сайд У.Хүрэлсүх дээр дахин орох нь мэдээж. Ерөнхий сайд ч цааргалахгүй болов уу. Тагнуулын даргын томилгоог Ерөнхийлөгчтэй ярилцах ёстой. Гэхдээ зөвшилцөх гэсэн бэлгэ тэмдгийн шинж чанартай учраас Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал гэж хэлж болно.
Харин одоо Тагнуулын Ерөнхий газрын дараагийн дарга хэн бэ гэсэн асуулт яригдана. Тагнуулын Ерөнхий газрын дараагийн даргад ТЕГ-ын дарга асан Р.Болд, ТЕГ-ын орлогч дарга Б.Энхсүх, ЦЕГ-ын дэд дарга асан А.Дулаанжаргал нарын нэр яригдаж эхэлжээ. А.Дулаанжаргал генералын хувьд өмнө нь АТГ-ын даргад мөн яригдаж байсан. Харин Р.Болдыг Ерөнхий сайд асан С.Баярын “хүн” гэдэг. Б.Энхсүх ТЕГ-ын дэд даргын албыг аваад нэг жил болж байна хэмээн хэвлэлд бичжээ.
Бүлэглэлийн гол хүн хэмээн цоллогдсон Б.Хурцын оронд хэн ирэх нь ирэх өдрүүдэд тодорхой болох биз ээ.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ