Дэлхийн аварга Д.Батсүрэн шилдэг тамирчин боллоо
2017-10-30



Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тодруулж буй "Сарын шилдэг тамирчин" шалгаруулалтын дүн гарч, есдүгээр сарын ялагчаар Дэлхийн аварга Д.Батсүрэн тодорчээ. Тэрбээр Уругвай улсын нийслэл Монтевидео хотноо явагдсан Шатрын Өсвөрийн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээний 14 хүртэлх насны эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн юм. Улмаар тэрбээр өнгөрсөн сарын шилдэгийн санал асуулгаас хамгийн өндөр саналыг авч чадсан байна.



ФИДЕ мастер Д.Батсүрэн нийт 53 орны 400 гаруй тамирчин оролцсон өсвөрийн ДАШТ-д түрүүлсэн Монгол улсын түүхэн дэх анхны эрэгтэй шатарчин болсон юм. 1974 оноос эхтэй энэхүү тэмцээнд домогт шатарчид болох Г.Каспаров, В.Крамник, Ю.Полгар нар түрүүлж, агуу карьерынхаа эхлэлийг тавьж байсан аж. 



Харин шалгаруулалтын 2-р байрт 3x3 сагсан бөмбөгийн оюутны дэлхийн аваргаар тодорсон баг орсон бол 3-р байрт өнгөрсөн сарын шилдэг тамирчин, чөлөөт бөхийн армийн дэлхийн аварга болсон П.Орхон нэрлэгджээ.



"Сарын шилдэг тамирчин" шалгаруулах олон нийтийн санал асуулгад нийт 1500 гаруй хөгжөөн дэмжигч оролцсон бөгөөд спортын чиглэлээр дагнан ажиллаж буй сэтгүүлчдийн саналтай нэгтгэн дүнг гаргасан байна.  
 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин