Трампын зөвлөхийг татвараас зайлсхийлсэн хэмээн буруутгалаа
2017-10-31

Цагаан ордны тэргүүн Дональд Трампыг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхад түүний зөвлөхөөр ажиллаж байсан Пол Манафордыг татвараас зайлсхийлсэн хэмээн буруутгаж, хэрэг үүсгэсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Пол Манафорд

 

Түүнийг Украинд ажиллах хугацаандаа бизнесийн хамтрагч Рик Гэйтсийн хамтаар татвараас зайлхийлж, мөнгө угаасан, газрын тосны компаниудаас авлига авсан гэх 12 хэрэгт буруутгажээ.

 

Тэрбээр эдгээр мөнгөө нуух зорилгоор үнэтэй машин, хувийн эдлэн, газар болон үнэт эдлэл худалдан авсан болохыг тогтоогоод байна.

 

Өдгөө 68 настай Пол Манафорд эрх баригч Бүгд Найрамдах намын нөлөө бүхий эрхмүүдийн нэг бөгөөд 1976 оноос хойш тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн эрхмүүдийн кампанит ажилд оролцож, зөвлөхөөр нь ажиллаж байжээ.

 

Сонгуулийн өмнө тэрбээр Украин дахь ОХУ-ын талыг баримтлагчидтай холбоотой болохыг хэвлэлийнхэн илчсэний дараа Трамп түүнтэй хамтран ажиллахаа зогсоосон юм.

 

Мөн Трампын нэг зөвлөх болох Жорж Пападодолус сонгуулийн өмнө “Оросуудтай холбоогүй” хэмээн Холбооны мөрдөх товчоонд худлаа мэдүүлэг өгчээ. Уг хэргийг албаныхан шалгаж байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин