Эмэгтэй ширэн бээлийтнүүд Вьетнамыг зорилоо
2017-10-31

 

Монголын топ спортын төрлүүдийн нэг болох боксын тамирчид Азийн аваргыг зорилоо. Вьетнам улсын Хо Ши Мин хотод ирэх 11 сарын 1-8 хооронд насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болох юм. Уг тэмцээнд эх орноо төлөөлж шигшээ багийн дасгалжуулагч М.Буянжаргалаар удирдуулсан 5 бүсгүй оролцох юм.

 

Тодруулбал, 48 кг-ын жинд О.Жаргалан, 51 кг-д Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт М. Нандин-Эрдэнэ, 54 кг-д Н.Оюун-Эрдэнэ, 69 кг-д Э.Эрдэнэтуяа, 75 кг-д М.Мягмаржаргал нар хурд хүч, авхаалж самбаагаа сорих юм. Эдгээр тамирчдаас гадна манай улсыг төлөөлж Олон Улсын Боксын Холбооны хоёр одтой шүүгч О.Мандахбаяр Вьетнам улсыг зорьжээ. Тэрбээр уг тэмцээний турш шүүгчээр ажиллана.

 

Уг тэмцээнээс манай эмэгтэй ширэн бээлийтнүүд 2 алт, 1 мөнгө, 6 хүрэл нийт 9 медаль хүртэж байсан байна. Харин уг тэмцээний түүхэнд БНХАУ-ын эмэгтэйчүүд 23 алт, 15 мөнгө, 14 хүрэл нийт 52 медаль хүртсэн амжилтаар тэргүүлдэг. Мөн сүүлийн жилүүдэд Энэтхэг, Умард Солонгос, Казакстаны бүсгүйчүүд өндөр амжилт үзүүлж байгаа юм.

 

Б.Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин