Байнгын хороодын даргыг сонголоо
2017-11-04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2017.11.03/ 17.30 цагт үргэлжлэн хуралдаж Зарим Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ.

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулсан. Тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус Байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Содбилэгийг сонгохыг дэмжсэн байна.

 

 

Түүнчлэн Өргөдлийн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны, Төсвийн, Хууль зүйн, Төрийн байгуулалтын, Эдийн засгийн байнгын хороодын санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Д.Оюунхорол, Д.Батнасан, Ж.Батзандан, Ж.Ганбаатар нар танилцуулав.

 

Байнгын хороодын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг, Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг, Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг, Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг нэр дэвшүүлэхийг дэмжсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

 

Дараа нь нэр дэвшигчдийг Байнгын хорооны даргаар сонгох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учир УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг Өргөдлийн байнгын хорооны даргаар, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг Төсвийн байнгын хорооны даргаар, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг Хууль зүйн байнгын хорооны даргаар, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгон баталлаа.

 

Мөн хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоор ахлуулсан УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулагдсаныг албан ёсоор зарлалаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
32-ын бүлэг, МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй шийдвэрүүд , Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-11-04