Бүлэглэлд барьцаалагдсан улс төр
2017-11-06

 

Эрх мэдэлтнүүд сөргөлдсөөр нэгэн намрыг дуусгаж байна. Уг нь эдийн засгийн сэргээж, улс орноо хөгжүүлэхэд хамтраад  зүтгэ гэж  ард нийт мэргэн сонголтоо хийсэн. 

 

Манай улс парламентат засаглалтай. Хууль тогтоох дээд байгууллага гүйцэтгэх засаглалаа  чиглүүлж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөн ажилласнаар  төрийн бодлогын залгамж халаа үргэлжилдэг.  Ерөнхийлөгчийн хориг, зөвшилцөл бэлгэдэл төдий.   Ерөнхийлөгч Засгийн газрын бүрэлдэхүүний зөвшилцөлд  хариу эс өгсөн ч хуульд  заасан хүлээлгийн хугацаа дуусгавар болсноор  Ерөнхий сайд УИХ-д өргөн барих эрх нь нээлттэй. Тиймээс шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнээс Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг дэмжихгүй гэх  зөвшилцлийн хариу Ерөнхийлөгчийн байр суурь байлаа.

 

Баталсан хууль, тогтоолд  Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг парламент хэлэлцээд олонхиороо шийддэг.  Энэ дагуу  Засгийн газрын гишүүнийг томилох УИХ-ны 58 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг тавьсан.  Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг дэмжихгүй гэсэн байр сууриа энэ удаад Ерөнхийлөгч дахин илэрхийлсэн нь энэ.  Түүний тавьсан хоригийг өнгөрсөн долоо хоногт парламент хэлэлцээд хүлээж авахгүй гэсэн шийдвэр гаргасан.

 

Хоригийг дагасан 30-300 цаашдаа 3000 ч болж мэдэх гэр бүл нэр хөвөрлөө. Албан тушаалын суудал өнцөгдөх төдийд ам нь үдээтэй эрхэм хүртэл нэгэнт дуу орж, олны өмнө гарч, сүрт мэдэгдэл хийснээр дараагийн албан дэвших замаа заслаа. Үүний тодоос тод жишээг   ТЕГ-ын дарга Б.Хурц өөрийн биеэр үлгэрлэн харуулав.  Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар ТЕГ-ын даргад Д.Гэрэл томилогдсоноор үүрэгт ажлаасаа чөлөөгдсөн Б.Хурц  Монгол Улсаас  БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар томилогдох “виз” авлаа.  

 

Эрх баригчид “бүдүүн  65”-ын бүлэг  дэх “32-ын салаа”-ныхан Сангийн сайдын түдгэлзүүлсэн албан тушаалыг барьцаалан Ерөнхийлөгчийн хориг дээр шантааж  хийж, намрын чулуганы хугацаанаас “хумслав”.  Ямартай ч  үнэмлэхүй олонхи дотроо толхилцоонтой байгаа ч эрх ашгийн нэгдэлд хүрсэн бололтой, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүйгээр шийдвэрлэн, шинэ Засгийн газрын бүтэн бүрэлдэхүүнээрээ энэ удаад үлдэж чадлаа.

 

Ер нь Ерөнхий сайдын томилгооноос  л бүрдээгүй Засгийн газрын асуудал доголдож эхэлсэн. Тиймээс  Сангийн сайдын асуудал хөндөгдсөн нь зөвхөн эхлэл. Хэдийгээр бүрэлдэхүүнээрээ байгуулагдаад сар хүрэхгүй хугацаа өнгөрч байгаа ч энэ Засгийн танхимын суудал хэдэнтээ дэнжигнэхээр байна, өнөөгийн нөхцөлд.

 

Эрх мэдэлтнүүдийг өөр зуураа тэмцэлдэж байх хооронд энгийн иргэд өвөлдөө бэлтгэн, өрхийн төсвөө хүргэхээр чардайж,  хүүхдийн мөнгө олгох өдрийг ч чих тавин хүлээж байна. Эрх мэдэлтнүүдийн асуудал, эгэл ардын асуудал хоёрын хооронд тэнгэр газрын ялгаатайг улстөрд  өдөр бүр өрнөж байгаа үйл явдал гэрчилсээр. 

 

Эдүгээ  Ерөнхийлөгч дараагийн алхамдаа шилжиж, энэ оны төсвийн тодотголд хориг тавиад байгаа юм. Багш, эмч нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардсантай холбогдуулан  төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад гурван зуун мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор тооцож, төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн багцад суулгасан. Ингэснээр төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн хэмжээ  энэ онд төлөвлөснөөс нэмэгдсэн.  Дээрх асуудлууд Ерөнхийлөгчийг дахин хориг тавихад хүргэжээ.

 

Энэчлэн  эрх баригчид хийгээд Ерөнхийлөгч  нарын сөргөлдөөн, нам дамжсан бүлэглэл, фракцуудын хагарал  сөрөг хүчин хийгээд парламентад суудалгүй улс төрийн намууд, зарим горилогчдыг  УИХ-ыг тарахыг уриалах нөхцөлийг бүрдүүлж байна. 

 

Ийнхүү намрын чуулганы улс төрийн ширүүхэн нөхцөлд үргэлжилсээр өвлийн сартай золгож байна. 

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Октябрийн хувьсгал бол хүн төрөлхтнийг нам дамнасан улс төрийн бүлэглэл, олигархиуд, авилгагчид, мафчид, өмч хувьчлагчид, уул уурхайн баялагийн дээрэмчид, ффшорчид, гадаадын хөрөнгө оруулагчдаас салгах шударга ёсны хувьсгал байсан бөгөөд энэ агуу их хувьсгалын шударга үзэл санааг үл тоомсорлогчид амаараа яаж шороо үмхдэгийг Монголын ардчиллын 28 жилийн түүх яруу тодооор нотлон харууллаа. Бидний хоёр агуу их хөрш ОХУ, Хятад улс одоогоос 20, 30 жилийн өмнө Ардчиллыг таягдан хаяад агуу их Октябрийн үзэл санаагаар замнаж явааг бид олж харахгүй сохорчихсон явна.
2017-11-07
зочин:
УИХ тарах хэрэгтэй, Ийм Парламенттэй энэ Улс орон хөгжихгүй ээ, УИХ-ын Даргасаа эхлүүлээд олонхи болсон МАН, Гишүүдийнх нь орооцолдсон Гэмт хэргийн асуудлууд, Нам доторхи Алалцаан гээд асуудалуудаа шийдэж чадахгүй байгаа Улс чинь бүхэл бүтэн Улс орныг аятайхан аваад явчихана гэж хэн ч итгэхгүй шүү дээ, УИХ тарах хэрэгтэй,
2017-11-07
Зочин:
морь унасан толгойгүй хүмүүс болжээ,
2017-11-06
Зочин:
Энэ мэдээ нил алдаа
2017-11-06